"400 саяын азтан"-ы баримтыг хуурамч болохыг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 17:27:15

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ "400 сая төгрөгийн азтан" тодрохгүй хэсэг байснаа гэнэт хоёр ч хүн азтан болсноо мэдэгдсэн. Өчигдөрхөн А .Цэенпил гэгч иргэн “400 сая төгрөгийн азтан болж, баримтаа бүртгүүлтэл намайг хуурамч бүрдүүлэлт хийсэн хэмээн үзээд цагдаагаас 2.5 жилийн ял өгнө гэлээ" гэсэн. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар 15.00 цагт ГТЕГ, ЦЕГ албан ёсны мэдээлэл хийлээ.

Уг нь  өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн "400 сая төгрөгийн азтан"  болох магадлалтай гэдгийг ГТЕГ-аас зарласан боловч эзэн нь тодрохгүй хүлээгдэж байсан юм. Өнөөдөр  ГТЕГ, ЦЕГ-ын өгсөн албан ёсны мэдээллээр иргэн А..Цэенпилийн бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар тогтоосон. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог тул дээрх баримт хуурамч болохыг нотлоод байхад А.Цэенпил нь "400 сая төгрөгийн азтан" гэж мэдэгдсэн нь худлаа гэдгийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдэгдэв.

ГТЕГ-ын хүсэлтийн дагуу иргэн А.Цэенпилээс ЦЕГ-ын холбогдох албаныхан тодруулга мэдээлэл авчээ. Харин түүний мэдэгдсэн шиг байцаалт авч, улмаар 2.5 жилийн ялын онооно гээгүйг хэмээн онцоллоо. Хуурамч баримтыг цагдаагийн байгууллагаас дахин нарийн шинжилгээнд оруулж дараа нь уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг анхааралдаа авсан гэж мэдэгдлээ. А.Цэенпилээс гадна С.Алтанзулын "400 сая төгрөгийн баримт "-ын QR код арилсан учраас нарийвчлан шалгаж байна.

ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга " НӨАТ-ын баримтыг хуурамчаар болон дуурайлгаж үйлдэх ямар ч боломжгүй.QR кодоор баримтыг шалгаж байгаа учраас хуурамч баримтыг дор нь илрүүлдэг. Хуурамч баримтын асуудал анх гарлаа" гэж мэдэгдсэн юм. ЦЕГ шалгалтыг  нарийвчлан хийж гэм буруутай эздийг тогтоохоор ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ