НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу ярив?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-23 07:42:54

МОСКВА. /TASS/ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр үг хэлэхдээ коронавирусний вакцинжуулалтад хамрагдах, сансарт зэвсэг хэрэглэхийг хориглох гэх мэт сэдвүүдийг хөнджээ.  ОХУ-ын Төрийн тэргүүний видеогоор дамжуулан үг хэлсэн бичлэг нь 19 минут орчим үргэлжилжээ.


Цар тахлын үр дагавар, вакцины хүртээмжийн тухайд

Цар тахлын дараа эдийн засгийг сэргээхийн тулд дэлхийн худалдааг хууль бус хориг арга хэмжээнээс цэвэрлэхийг тэрбээр уриалжээ. Дэлхийн эдийн засгийг сэргээхэд их хугацаа шаардлагатай бөгөөд стандарт бус шийдвэрийг хэрэгжүүлэх  шаардлага гарч ирнэ гэж В.Путин таамаглаж байна.


НҮБ-ын ажилтнуудад Оросын коронавирусний вакциныг үнэгүй нийлүүлэхийг В.Путин санал болгожээ.


Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар ярихдаа В.Путин ДЭМБ-ын хүчин чадлыг бэхжүүлэх шаардлагатайг дурдаж, анагаахын салбарт улс орнуудын түншлэлд тулгардаг саад тотгорыг дээд зэргээр арилгахыг уриалав.


Коронавирусний вакцин бүтээх асуудлаар өндөр түвшний олон улсын цахим бага хурал ойрын хугацаанд хийхийг В.Путин санал болгожээ. Бүх улсын иргэдийг вакцинжуулалтад чөлөөтэй хамрагдах боломжоор хангах шаардлагатайг тэрбээр цохон дурдав.


Түүний мэдэгдсэнээр, Орос улс олон асуудлаар тэр дундаа Оросын вакциныг хилийн чанадад нийлүүлэх тал дээр бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.


Олон улсын аюулгүй байдлын тухайд

Сансарт зэвсэг байрлуулах, хүч хэрэглэх эсвэл сансрын байгууламжуудад хүч хэрэглэх аюул заналхийллийг хориглосон сансрын бүх гүрнийг оролцуулсан хуулиар дагаж мөрдөх гэрээ байгуулахыг В.Путин санал болголоо.


Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний хугацааг сунгах нь ОХУ болон АНУ-ын хувьд эн тэргүүнд тавигдах асуудал гэж В.Путин үзэж байна. Гэрээний үйлчлэлийн хугацаа 2021 оны 2 дугаар сард дуусна гэдгийг тэрбээр сануулав.


Бүс нутгийн хямрал, мөргөлдөөнийг энх тайван, улс төрийн дипломат арга замаар зохицуулах, стратегийн тогтвортой байдлыг хангахад Орос улс бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгийг В.Путин цохон дурджээ.


Түүнчлэн дижитал технологи энгийн зэвсгийн адил эрс үзэлтнүүд, хэт даврагсдын гарт орж болзошгүй учир кибер аюулгүй байдлын асуудалд ноцтой анхаарал хандуулах ёстойг тэрбээр цохон тэмдэглэлээ.


Дэлхийн хоёрдугаар дайн болон холбооны мөн чанарын тухайд

Дэлхийн хоёрдугаар дайны үүх түүхийг дур зоргоороо тайлбарлахыг оролдох нь дайны дараа дэг журам тогтоох үндэс суурьт өгч буй цохилт бөгөөд нацизмтай тэмцэгчдийн өмнө үйлдэж буй гэмт хэрэг юм гэж В.Путин үзэж байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудал нь түүхээс авсан сургамж, холбооны мөн чанарыг нийтээрээ санан дурсах НҮБ-ын гишүүдийг нэгтгэдэг үнэт зүйлс дээр тулгуурласан хүчин чармайлтыг нэгтгэхийг шаардаж байна хэмээ В.Путин хэлсэн байна. 


НҮБ-ын үйл ажиллагааны тухайд

НҮБ-ын Дүрэм нь олон улсын эрх зүйн гол эх сурвалж хэвээр гэдгийг В.Путин онцлов.


НҮБ дэлхий дахиныг хамгаалах, ард түмэн, тивүүдийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хямралыг даван туулахад туслах үндсэн зорилгоо нэр төртэй биелүүлж байгаа хэмээн В.Путин хэлжээ.


Түүнчлэн тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг хэвээр хадгалан авч үлдэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Халдварт өвчний нөхцөл байдал намжиж, уулзалт хийх боломж гармагц НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын нүүр тулсан уулзалт болно гэж В.Путин үзэж байна. 

Холбоотой мэдээ