Алтай хотыг өнөөдрөөс дулаанаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-21 17:23:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотыг халаалт дулаанаар хангагч "Мандал голомт" ХХК энэ сарын 21-ний өдрөөс хэрэглэгчдэдээ халаалт дулаан түгээхээр боллоо.


Тодруулбал, тус аймгийн төвийн халаалт дулааныг үйлдвэрлэгч "Мандал голомт" ХХК дэд бүтцийн бусад байгууллага болох "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн дотоодын өр барагдуулах болон зарим албан газрын төлбөрийн асуудлаас үүдэж халаалт дулааныг цагт нь өгөхөд хүндрэл үүсээд байсан билээ.

Тэгвэл төв, суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ажлын хэсэг есдүгээр сарын 21-ний өдөр гурав дахь удаагаа хуралдаж, өр авлагыг барагдуулах, хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллах талаар тодорхой шийдэлд хүрсэн байна.

Ингэснээр мөн өдрийн 18:00-24:00 цагийн хооронд аймгийн хэмжээний бүх систем усаар хангагдаж, халаалт дулаан хэвийн горимд шилжих тухай Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр мэдээллээ. Ус шахахтай холбогдуулан айл өрхүүд ус алдах, паар задрах зэрэг эрсдэл гарч болзошгүй тул үүнийг анхаарах мөн халаалтын төлбөр төлөлт өнөөдрөөс эхлэн тооцогдохыг холбогдох байгууллагаас мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ