The Diplomat: Монголын цахим засаглалын үйлчилгээ авлигыг эцэслэх зорилготой

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-21 16:25:27

ВАШИНГТОН. /The Diplomat/. Монголын цахим засаглал нь ОХУ, БНХАУ хэмээх хоёр том хөрш орны цахим үйл ажиллагааны сүрэнд голчлон дарагдсаар ирсэн сэдэв юм. Гэвч коронавирусний цар тахал нь Монгол Засгийн газарт хэдийн хөгжүүлэх ёстой байсан дижитал засаглалаа хөгжүүлэхэд давуу талыг олгожээ.


E-Mongolia” хэмээн нэрлэсэн Монголын цахим засаглалын үйлчилгээ нь төрийн үйлчилгээг сайжруулж, үр өгөөжтэй байдлыг асар ихээр нэмэгдүүлэхээс гадна зарим тохиолдолд төрийн үйлчилгээнд саад учруулдаг, урт хугацааны турш бугшсаар ирсэн хүнд суртал, “арын хаалгыг” арилгахад хувь нэмрээ оруулах юм.


Монгол Улс сүүлийн 10 жилд цахим засаглалын олон ололт амжилтыг гарсан. НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн үзүүлэлтээс үзэхэд, 2003 онд Монгол Улс 0.343 оноо авч, НҮБ-ын 193 орноос 103 дугаарт жагсаж байсан бол АНУ нэгдүгээрт /0.9271/, Сингапур 12 дугаарт /0.7463/, БНСУ 13 дугаарт /0.7441/ бичигдэж байжээ. Харин 2020 он гэхэд, Монгол Улс ихээхэн ахиц үзүүлж, 0.6437 оноотойгоор 92 дугаарт жагсах болжээ. Мөн бусад улс орны удирдагчид солигдсонтой холбоотойгоор Дани 0.9758 оноогоор АНУ-ыг гүйцэж түрүүлсэн бол БНСУ хоёрдугаарт /0.9560/, Сингапур 11 дүгээрт /0.9150/ жагсаж байна.


Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын аль алинд цахим засаглалыг хөгжүүлж буйг эдгээр үзүүлэлт харуулж байна. Монгол Улс ч мөн цахим засаглал руу шилжих үйл явцаас хоцроогүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /2009-2017/ бүрэн эрхийнхээ хугацаандаа Засгийн газрын зардлыг олон нийтэд ил болгох “Шилэн данс”-ыг танилцуулсан юм. Хэдийгээр уг арга хэмжээ нь Засгийн газрын агентлагууд бусдынхаа санхүүгийн нөхцөлийг хянахад тусалсан боловч олон нийтийн сонирхолд төдийлөн нийцээгүй байна.


Монголын бодлого боловсруулагчид цахим засаглалын үйлчилгээг нэвтрүүлэхдээ 1.3 сая хүн амтай жижиг улс болох Эстони /цахим засаглалын индексээрээ гуравдугаарт жагссан/, 5.7 сая хүн амтай Сингапурын туршлагыг загвар болгон судалжээ. Хэдийгээр Монголд цахим засаглал хөгжиж байгаа боловч өндөр үзүүлэлттэй орнуудын ард бичигдсэн хэвээр байна.


Эстонийн Засгийн газрын Мэдээлэл технологийн газрын дарга Сийм Сиккутын мэдээлснээр, жижиг улс орнуудын хувьд цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцаа холбоо, зохион байгуулалт, Засгийн газрын бизнесийн загварын өөрчлөлт чухал байдаг ажээ. “Харилцаа холбоо нь бүс нутгуудыг холбож, дижитал хуваагдлыг бууруулдаг бөгөөд Монгол Улс үүнийг авч үзэх шаардлагатай аж. Төрийн үйлчилгээний зохион байгуулалт нь давхцаж болохгүйгээс гадна Засгийн газар хэт олон агентлагтай үед цахим засаглал үр дүнгүй болдог байна. Хамгийн сүүлд, Засгийн газрын бизнесийн загварыг өөрчилснөөр Монгол, Эстони зэрэг жижиг улс орнуудын хувьд инновац, хөрөнгө оруулалтаас хамаарах боломжтой ажээ.


3.3 сая хүн амтай Монгол Улсад хотын оршин суугчдын тоо нэмэгдэж буй нь цахим засаглалын үйлчилгээг нэвтрүүлэхэд мөн түлхэц болжээ. 2020 оны байдлаар, Монголын хүн амын гуравны хоёр нь “Facebook, Twitter, LinkedIn, Instagram” зэрэг нийгмийн сүлжээг хэрэглэж байна. Мөн нийгмийн сүлжээний нөлөө нэмэгдэж буйг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “60 тэрбумын хэрэг” хэмээх өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэгтэй холбоотой мэдээллийг “Facebook” нийгмийн сүлжээгээр шууд дамжуулсан нь сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулснаас харагдаж байна. Хүн амын цахим сүлжээний хэрэглээ өндөр байх нь цахим засаглалын эрэлтийг нэмэгдүүлдэг ажээ.


2019 онд Монгол Улсын Засгийн газар 73 дугаар тогтоолоор “Цахим засаглалын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хэдийн бий болсон цахим засаглалын бүтцийг төрийн байгууллагуудад болон практикт нэвтрүүлэх юм. Энэхүү бодлого нь цахим орчин, мэдээллийн технологи, инновацыг ашиглан төрийн үйлчилгээг түргэсгэх, ажлыг хөнгөвчлөх, агентлагуудын хүнд суртлыг арилгахад оршино. Одоогийн Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөнд “E-Mongolia” үйлчилгээний хэрэгжилт багтаж байгаа бөгөөд олон нийт 2020 оны 10 дугаар сарын 1-нээс 182 үйлчилгээг авах боломжтой болох ажээ.


Цахим засаглалын үйлчилгээг нэвтрүүлж буй нь олон нийтэд олон жилийн турш чирэгдэл учруулсан авлига, хээл хахуулийн асуудлыг эцэслэх зорилготой ажээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн мэдээлснээр, “E-Mongolia” үйлчилгээг нэвтрүүлэхэд шилжилтийн үе маш чухал аж. Учир нь дижитал хуваагдал буюу хүмүүс цахим орчноос шаардлагатай мэдээллээ авч чаддаг болон чаддаггүйгээрээ ялгарсан хэвээр байгаа тул зарим хүний хувьд тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ажээ. Харин шилжилтийн үе дуусах 2021 оны эхнээс “E-Mongolia” 492 үйлчилгээтэй болж, хүрээгээ тэлэхээр төлөвлөжээ. “Мөн олон нийт бичиг баримтаа байршуулах, илгээх, хянах боломжтой болж, ялангуяа “COVID-19” халдвар тархсан энэ үед төрийн үйлчилгээг дараалалд зогсохгүйгээр авах боломж бүрдэх юм.


Мөн Монголын цахим засаглалд нийгмийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд нүүр царай таних технологийг нэвтрүүлэх талаар мөн тусгажээ. 2021 он гэхэд Улаанбаатарт  нүүр царай таних 6822 камерыг байршуулах төлөвтэй байна.


Хэдийгээр “E-Mongolia” төрийн үйлчилгээг шинэчилж, түргэвчлэхийг зорьж байгаа боловч зарим мэргэжилтэн хууль эрх зүйтэй холбоотой асуудлуудад санаа зовниж байгаа ажээ. Цахим хуулийн мэргэжилтэн Л.Галбаатарын мэдээлснээр, нүүр царай таних технологийг нэвтрүүлэхэд шийдвэрлэх, бэлтгэх, хэрэгжүүлэх шаардлагатай хууль зүйн асуудлууд бий бөгөөд одоогоор хөгжүүлж буй технологиудын доголдол нь хүний эрхийн асуудалтай холбогдож болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ