Устөрөгчөөр ажилладаг автомашин зохион бүтээх ажлыг хурдасгана

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-14 16:53:48

Бээжин /МОНЦАМЭ/. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор цэвэр эрчим хүчний тээврийн хэрэгслийн хөгжлийг түргэтгэсээр байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгч SAIC Motors компани өөр эх үүсвэрээс эрчим хүч гарган авах ажлыг түргэтгэж, устөрөгчөөр ажилладаг автомашины зах зээлд тэргүүлэх байр суурь олж авах зорилт тавьжээ.

            Тус компани 2025 он гэхэд уг зах зээлийн 10 хувийг эзэлж, ирэх таван жилийн дотор хамгийн багадаа 10 төрлийн устөрөгчөөр ажилладаг авто машин зохион бүтээхээр төлөвлөсөн байна.

Төв оффис нь Шанхай хотод байрладаг тус компанийн зорилт нь ирэх таван жилийн хугацаанд устөрөгчийн баттерейг хөгжүүлэх салбарын үнэлгээг 10 тэрбум юаньд хүрнэ гэж тооцоолжээ.

Өнөөдрийн байдлаар тус компанийн үнэлгээ Шанхайн хөрөнгийн бирж дээр 1 хувиар өссөн бөгөөд энэ жилийн хувьд үнэлгээ нь 20 хувиар унасан байна.

Тус компани болон түүний түншүүд хамтран Хятадад Volkswagen, General Motors зэрэг автомашинуудыг үйлдвэрлэдэг.

Дэлхийн хэмжээнд шинээр гарч буй устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгслийн зах зээлд Японы Тоёота, Канадын Ballard Power Systems компаниуд тэргүүлж байна.

Харин Хятадын Засгийн газраас энэхүү технологийг цахилгаан тээврийн хэрэгсэлтэй адил бодлогоор дэмжиж, олон компаниудыг оролцохыг уриалж байна.   

Холбоотой мэдээ