Эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчдын зөвлөлийг тус тусад нь байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-04 13:44:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туушин зочид буудлын Сүлд танхимд чөлөөт бөхийн багш дасгалжуулагчдын өргөтгөсөн хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлагаар өчигдөр зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж нэгдсэн шийдвэр гаргав.


Тус хурлаар “Нэг зорилго, нэг баг” уриан дор 2020 оны 11, 12 дугаар сард болох, Залуучуудын /U23 буюу 23 хүртлэх нас/ болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг  тамирчдыг  сонгон шалгаруулах журмын тухай, 2021 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг  товлох, Олимпын эрхийн тэмцээн, Олимпын наадамд баг тамирчдыг нэгдсэн нэг багийн удирдлагаар бэлтгэх тухай асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Мөн чөлөөт бөхийн нийт багш, дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, чиг үүрэг, зохион байгуулалт зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.


Уулзалтын эхэнд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх: “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ноос товлоод байгаа тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах хэлэлцүүлэг зохион байгуулах санал гарч байсан. Хэрэв олон улсын тэмцээн цуцлагдвал дотооддоо тэмцээнээ хэрхэн зохион байгуулж шийдвэрлэх талаар ярилцлаа. Багш, дасгалжуулагчдын харилцааны асуудал, бие биенээ хүндэлж хүлээн зөвшөөрч хамтран ажиллах тухай болон дасгалжуулагч бүр том мөрөөдөлтэй, төлөвлөгөө судалгаатай, алдаандаа дүгнэлт хийж ажиллахын зэрэгцээ хувийн сахилга баттай, өөрийгөө дайчилж өөрөөрөө бахархаж, ажил мэргэжлээрээ бахархаж байх уриалгыг холбооны багш, дасгалжуулагчдын зөвлөлөөс гаргасан юм.


МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр холбооны өнөөгийн болон хэтийн төлвийн талаар танилцуулав. Тэрбээр: “2021 оныг өсвөрийн залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан шигшээ багийн тамирчдын зөвлөх дасгалжуулагчаар гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг томилж ДАШТ-д оролцох нөөц бололцоогоо холбооноос хангаж ажиллая. Цар тахлын улмаас шигшээ багийн бэлтгэл хэсэг хугацаанд хойшилж 7 дугаар сарын 16-наас эхлүүлсэн. Бид 2017 оноос хойш сонгон шалгаруулах систем буюу хэн сайн байгаа тамирчинг тэмцээнд оролцуулах шинэ журмыг дагаж мөрдөж байгаа. Ирэх онд чөлөөт бөхийн спорт хөгжсөний 60 жилийн ой болно. Энэ ойг угтан олимпын медаль авах том хүсэл мөрөөдөл бид бүхэнд байгаа. Үүний төлөө “Нэг зорилго, нэг баг” болж хамтран ажиллацгаая гэж уриаллаа. Мөн холбооноос хийх гэж байгаа болон хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа. Одоо бид бүхэн Хятадад олимпийн эрхийн төлөө тэмцээн  2 дугаар сард зарласан байгаа, тэмцээнүүд цуцлагдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх товийг ярилцана” хэмээн онцоллоо.


Гавъяат тамирчин О.Пүрэвбаатар: ”Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ДАШТ-ий дараа зохион байгуулая. U23 тэмцээнийг дотооддоо зохион байгуулах журам батлая. Гурван насны УАШТ-ээ дотооддоо уламжлал ёсоор хийж, тэмцээнээ нээлттэй хийе. Залуучуудын УАШТ-ийг Баянхонгор аймаг зохион байгуулахад бэлэн байгаа, хэрвээ санал хүсэлтийг хүлээн авбал зохион байгуулах юм байна. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хөрөнгө санхүүгээ хэмнэж зохион байгуулж болно. Шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдын цалин мөнгөний асуудал дээр дэмжих талаар багш дасгалжуулагч нар санал бодлоо хуваалцсан” гэв.


Энэхүү хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд олон хүн саналаа хэлсэн бөгөөд санал хураалтын үр дүнд эхний шатны боловсруулалттай Зөвлөмж гаргасныг танилцуулж байна.



Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрийг үндэслэн шийдвэрлэх нь:


Нэг. 2020 оны залуучуудын ДАШТ-д оролцох баг тамирчдыг Баянхонгор аймагт зохиох залуучуудын УАШТ-ий үзүүлэлтээр, U23 насны ДАШТ-д оролцох эмэгтэй баг тамирчдыг гавъяат тамирчин Ц.Цогтбаярын нэрэмжит тэмцээнээс, эрэгтэй баг тамирчдыг гавъяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит УАШТ-ээс, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг 11 дүгээр сард зохион байгуулах нээлттэй сорилго тэмцээнээр;


Дээрхи тэмцээнүүдийг Улсын онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос 3 насны ДАШТ-ийг зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасны дараа  хугацааг тогтоон зохион байгуулахаар;


Хоёр. 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийг 2020 оны насанд хүрэгчдийн ДАШТ зохиогдох эсэх талаар ДБНХ-ноос албан ёсны шийдвэр гарсны дараа хугацаа болон зохион байгуулах газрыг тогтоохоор;


Гурав. Олимпын эрхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2021 оны УАШТ-ий аваргууд, олимпын эрх олгох, дэлхий тивийн тэмцээнд оролцох баг тамирчдыг дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр;


Дөрөв. МЧБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийг холбооны дүрэм, журамд нийцүүлэн эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчдын зөвлөлийг тус тус байгуулахаар;


Тав. Олимпын эрхийн тэмцээн болон Олимпын наадамд бэлтгэх бэлтгэл сургалтын төлөвлөгөөг дасгалжуулагчдын зөвлөл, бусад үндсэн дасгалжуулагчдын саналыг тусган нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлж, дүгнэлт хийн дахин төлөвлөж ажиллахаар;


Зургаа. Монгол Улсад сонгомол бөхийн төрлийг хөгжүүлэх цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулах, эмэгтэй дасгалжуулагчдыг бэлтгэх тусгай хөтөлбөрийг боловсруулан холбогдох газруудтай хамтран ажиллахаар тус тус шийдвэрлэсүгэй.


Шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр-т даалгасугай хэмээжээ.


Энэхүү хурлаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатарыг Чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулахаар санал нэгдлээ.  


Ийнхүү МЧБХ-ны багш дасгалжуулагчдын өргөтгөсөн хуралд оролцсон 21 аймаг болон нийслэлийн  60 гаруй төлөөлөгч оролцож хэлэлцэх асуудлуудаа ил тод ярилцан зөвлөлдөж санал нэгдсэн шийдвэрийг гаргаж чадлаа.


Э.Ариунзул

Холбоотой мэдээ