Аймгийн төвийн сурагчид хичээлийн таван өдрийн гуравт нь танхимын сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-29 19:40:14

Увс /МОНЦАМЭ/. Онцгой нөхцөл байдалд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сургуулийн сурагчид хичээлийн 5 өдрийн гуравт нь танхимын сургалтад хамрагдаж, хоёрт нь онлайн хичээл үзэхээр болсон байна.

Харин хөдөө, сум багийн сургуулийн сурагчдын хувьд хуучин журмын дагуу таван өдөр дараалан танхимын хичээл орохоор болжээ.

“Танхим болон онлайн сургалтыг хослуулах болсонтой холбогдуулан хичээлийн бүтэц агуулгад тодорхой өөрчлөлт орсон. Тухайлбал аймгийн төвд гурван өдөр танхимаар орох хичээлийн хувьд сурагчдын өмнөх ангид эзэмшсэн байх агуулгыг бататгах хичээл 9-р сард орно. Нэгдүгээр ангид эхний гурван долоо хоногт сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу бэлтгэл хөтөлбөр, 4 дэх долоо хоногоос монгол хэл, математикийн хичээл орох зэрэг зохицуулалт хийгээд байна. Нэг ёсондоо энэ хичээлийн жилд аймгийн төвийн сургуулийн сурагчид танхимын сургалтаар өдөрт 3-4 хүртэл цагийн хичээл судална. Тэрчлэн анги дүүргэлт, хүүхдийн нягтралыг 20-иос илүүгүй байхаар зохицуулсан. Онцгой нөхцөлд хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж буй тул эцэг эхчүүд, асран хамгаалагчид болон суралцагчид тодорхой үүрэг хариуцлага, зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй байна” хэмээн аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболд хэллээ.

Холбоотой мэдээ