БНСУ-д найман монгол иргэн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрладаг хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын 5 иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон гурав, нийт 8 хүн коронавирусний халдвар авсан болох нь энэ сарын 26-нд тогтоогдсон байна.
Монгол
Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны мэдээлснээр, иргэдийн
биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа
аж.
Эдгээр иргэдтэй ойр байсан иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд халдвартай нэг иргэн энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Манай иргэд хамгийн олноор оршин суудаг Сөүл хот болон Кёнги
мужийн бүс нутагт коронавирусний дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Иймд
БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бөөгнөрөл үүсгэхгүй байх,
хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Монгол Улсаас
БНСУ-д суугаа ЭСЯ-наас сануулав.
Ташрамд дурдахад, БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 8 дугаар сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 320-иор нэмэгдэж нийт 18 265-д хүрчээ. Шинээр илэрсэн 320 тохиолдлын 13 нь хилийн чанадаас зөөвөрлөгдсөн аж.