Монгол баримтат кино "Telly awards" наадмаас алтан цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-08-19 16:53:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол, Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн “MongoliaEarth & Spirit” хэмээх баримтат кино “The Telly Awards” наадмаас алтан болон хүрэл цом хүртээд байгаа. Энэхүү киноны найруулагч, зураглаач “ARTGER” медиа группийг үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгсөөс уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.


-“The Telly awards” наадмын тухай танилцуулна уу?

-Энэхүү наадмыг 41 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын 50 мужаас гадна дэлхийн улс орны видео, контентыг шалгаруулдаг юм. Бид баримтат киногоороо “Non-broadcast” төрөлд тэргүүн байр эзэлж, алтан цомыг авсан. Харин зураглаачийн ажлаар болон чөлөөт уран бүтээлийн төрөлд гутгаар байранд орсон.  “Non-broadcast” гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулаагүй, сошиал сувгаар дамжуулдаг уран бүтээлийг энэ шагналд нэр дэвшүүлдэг юм. Бид цар тахлын улмаас шагналаа илгээмжээр авч байгаа. Гэхдээ зөвхөн баримтат киног шалгаруулдаггүй. “Branded content”, “Immersive and mixed reality”, “Local tv”, “Non-broadcast”, “Online”, “Online-commericials”, “Promotional video”, “Regional tv”, “Social video”, “Television” зэргээр тус тус шалгаруулдаг.


-Баримтат киног ямар утга агуулгаар бүтээсэн бэ?

-Киноны маань гол дүр Дэлгэр гэдэг лам хүн юм. Тэрээр буддын шашны мөн чанарыг таниулахыг хичээхийн зэрэгцээ хүн байгалийн харилцан шүтэлцээтэй амьдрах ухааныг ойлгуулахыг зорьдог. Дэлгэр ламаар төлөөлүүлж хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хэрэгтэйг үзэгчдэд хүргэхийг зорьсон.


-Кино багт ямар уран бүтээлчид хамтран ажилласан бэ?

-2014 оноос АНУ-ын хойд Техасын урлагийн сургуулийн кино группийн уран бүтээлчидтэй хамтарч монгол соёлтой холбоотой контент хийх төсөл эхлүүлж, тус баримтат киног хийсэн. “The Telly Awards-аас гадна баримтат киног маань 2018 онд “Thin Line” баримтат кино наадамд дэлгэцнээ анх танилцуулснаас хойш 2019 онд Берлиний ARFF кино наадам мөн Энэтхэгийн “Jaiper International Film Festival”-д 2221 киноноос шилдэг 100-д багтан сонгогдож байсан. Тухайн жилдээ Берлиний олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд мөн амжилттай оролцсон билээ.


-Та “ARTGER медиа группийнхээ тухай танилцуулна уу?

-“ARTGER медиа группээ дөрвөн жилийн өмнө байгуулсан. Дэлхийн олон орны хүмүүст монгол хоол, монгол зан заншил, ахуй амьдралыг сурталчлах зорилгоор цуврал нэвтрүүлэг, контент бүтээж “Youtube-д байршуулдаг. Нийт үзэгчдийн 80-90 хувь нь гадны үзэгчид байдаг. Сүүлийн жил гадаадад байгаа монголчууд үздэг болжээ.


-Та яагаад монгол хоолны нэвтрүүлэг хийхээр шийдэв?

-Санамсаргүй юм болсон. Нэг удаа би “Youtube”-ээр монгол хоолны тухай хайж үзэхэд маш цөөхөн мэдээлэл гарч ирсэн. Тиймээс монгол уран бүтээлч хүний хувьд, нүүдэлчин соёл уламжлалаа танилцуулах монгол хоолыг сурталчлах хэрэгтэй гэж үзсэн л дээ.

Холбоотой мэдээ