Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-09 10:02:52

Төв /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Төв Чандмань Дулаан эрчим хүчний газар хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг Монгол туургатан театрын их танхимд зохион байгууллаа.


Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан,  16 аймгийн 120 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал гэв.  

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2016-2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавив. Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, үнэ тариф, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь илтгэл тавьсан юм. Үргэлжлүүлэн уулзалтад оролцогчид “Аймгуудын төвийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, тулгамдсан асуудал”, Сумын төвийн хөгжилд “Нийтийн аж ахуйн байгууллага”-ын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.


Энэ онд нийт 10 аймагт шинээр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа нь сумын төвийг орон сууцжуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч цэвэрлэх байгууламжинд ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа бөгөөд ажиллах хүчний цалин хөлс нийгмийн асуудлыг шийдээгүй байгаа албаныхан онцолж байлаа.

Холбоотой мэдээ