Д.Нарангэрэл: Өмнөговь аймагт нас барсан хүнээс коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-07 18:46:02

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Цахим ертөнцөд “COVID-19 халдварын улмаас Өмнөговь аймагт нэг хүн нас барлаа гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээд байгаа талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр “Бодит байдал гэвэл, Өмнөговь аймгийн Цагаанхаданд БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 49 настай эрэгтэй нас барсан байна. Энэ хүн зүрхээр хатгуулж бие нь тавгүй байгаагаа цуг ажилладаг хүмүүстээ тухайн өдөр нь хэлээд эмнэлэгийн тусламж авахаар явсан байна. Гэвч эмнэлэгтээ хүрч амжилгүй замдаа нас баржээ. Энэ хүнд ямар нэгэн ил шарх сорви байхгүй. Коронавирусний шинж тэмдэг илрээгүй. БНХАУ руу байнга нүүрс тээвэрлэдэг учраас хоёр талдаа байнга коронавирусний шинжилгээнд хамрагддаг байсан байна. Одоогоор эмч нар зүрхний шигдээс байж болзошгүй гэсэн урьдчилсан онош тавиад байна. Учир нь Өмнөговь аймагт агаарын даралт өндөр, маш халуун уур амьгалтай байна. Энд эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллага ажиллаж байгаа тул иргэдийг буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг ЭМЯ-аас анхааруулж байна" гэлээ.

Холбоотой мэдээ