Засгийн газрын гишүүд хотын удирдлагатай салбаруудын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-06 19:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын зарим гишүүд өнөөдөр нийслэлийн удирдлагатай уулзаж,  хот болон салбар дундын үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар санал солилцлоо. 


УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хотын агаарын бохирдлыг бууруулсан алхмаа ахиулан 80 хувь хүртэл арилгах зорьсон. Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүч, замын чанар, стандарт зэрэг тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан, УИХ, Засгийн газартай нягт хамтран ажиллах шаардлагатай" гэв.

ЗТХ-ийн сайд Л.Халтар, “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгохыг нийслэл анхаарах хэрэгтэй. Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөр замтай “Хөгжлийн алтан тойрог” буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай” гэдгийг онцлов.




БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн шугам сүлжээ цэгцтэй, нэгдмэл байх ёстой. Нийслэлтэй хамтарч орон сууцжуулах хөтөлбөрийг цогцоор нь шийдвэрлэнэ” гэсэн санал хэлэв. 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Нийслэлд Монгол Улсын хүн амын 46.7 хувь байна. Нийт өрхийнх нь 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймд бид ирэх өвөл Улаанбаатар хотод сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг байгуулах замаар агаарын бохирдлыг 80 хувь бууруулна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал тавигдана. Өнгөрсөн өвөл ажилласан түлш борлуулах 389 цэгийг энэ онд 1000 гаруй болгон нэмэх саналтай байна. Мөн хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана” гэв.

Хот байгуулалтын хүрээнд ирэх 4 жилд АХБ-тай хэрэгжүүлж буй 6 дэд төвийг ашиглалтад оруулахаас гадна дагуул хотуудыг бий болгож, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ялангуяа УИХ-аар баталсан "Шинэ Зуунмод", "Аэросити", "Майдар" хот болон алслагдсан дүүргүүдээ төрөлжсөн хөгжилтэй бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг “Хөгжлийн алтан тойрог” баримт бичигт тусгаад байна. 


Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хоолойг нэмэхэд анхаарна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах чухал ажил бий. Эдгээр асуудлаар салбарын яамдтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллана гэдгээ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан уулзалт дээр илэрхийлэв. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн холбогдох албаныхан оролцов.

Холбоотой мэдээ