Казахстанд хөл хориог хоёр долоо хоногоор сунгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-03 11:45:05

НУР-СУЛТАН. /TASS/. Коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хөл хорионы арга хэмжээг дахин хоёр долоо хоногоор сунгахыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улсын комисст үүрэг болгожээ. Энэ тухай эпидемиологийн нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлаар хийсэн зөвлөгөөний дүнд Казахстаны Төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Халдварт өвчний нөхцөл байдал дордож буйтай холбогдуулан 7 дугаар сарын 5-наас хөл хорионы хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэмэлтээр авах шийдвэрийг эрх баригчид өмнө нь гаргажээ. Энэ арга хэмжээ нь 8 дугаар сарын 2 хүртэл үйлчлэх ёстой байсан аж.


“Долдугаар сарын 5-нд хязгаарлалтын арга хэмжээ авснаас хойш халдварын тохиолдлын тоо 29 хувиар буурчээ. Нэг өдрийн дотор шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо 1500-1600-гийн хооронд байна. Эмнэлгүүдийн ачаалал 43 хувиар буурсан бол сэхээн амьдруулах тасгуудын ачаалал 27 хувиар буурчээ. Эдгэрсэн хүний тоо 63 хувьд хүрч өсөж, түргэн тусламжийн дуудлагын тоо буурчээ. Тийнхүү эрүүл мэндийн системд үүссэн ачаалал буураад байна” хэмээн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Дэд бүтцийн объектуудын эпидемиологи хийгээд эдийн засгийн нөхцөл байдалд үзүүлж буйг нөлөөллийг харгалзан үзэж хөл хорионы арга хэмжээг үе шаттайгаар сулруулах алхмыг авах талаар Казахстаны Эрүүл мэндийн сайд Алексей Цой ерөнхийлөгчид мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ