Америкийн Ерөнхийлөгч 2019 онд 446 сая долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-02 16:16:22

ВАШИНГТОН./VOA/. 2019 онд Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эзэмшилд байдаг “Мар-а-Лаго” клуб, Trump National Doral гэдэг сувиллын газар ба гольфын талбай, Вашингтон дахь Trump International зочид буудал гэсэн 3 үл хөдлөх хөрөнгөнөөсөө бараг 450 сая долларын орлого олсон байна. Энэ тухай АНУ-ын засгийн газрын дэргэдэх Ёсзүйн асуудал эрхэлсэн товчооны цахим хуудсанд нийтлэгдсэн Д.Трампын хөрөнгө орлогын мэдүүлэгт /ХОМ/дурджээ.


“2019 он манай улс болон Trump Organization-ий хувьд үнэхээрийн гайхалтай жил байлаа” гэж Ерөнхийлөгчийн дунд хүү, Трампын гэр бүлийн компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Эрик Трамп мэдэгдсэн байна. “Ерөнхийлөгчийн санхүүгийн мэдээлэлд дурдсанаар бидний бизнес цэцэглэн өргөжиж, орлого өссөний сацуу өрийн хэмжээ бага байсан. 2019 онд олсон амжилтаараа би маш их бахархаж байна” гэж Ерөнхийлөгчийн хүү ярилаа.


Трампын ХОМ-т дурдсанаар бол, Флорида дахь “Мар-а-Лаго” клуб 21,4 саяын орлого авчирсан бол Дорал – 77,2 сая доллар, Вашингтон дахь зочид буудал 40 саяын орлоготой ажилласан байна.


Эдгээрээс гадна Д.Трамп Кино жүжигчдийн холбооноос /Screen Actors Guild/ 78 мянган доллар хүлээн авсан бол өөрийн бичсэн “The Art of the Deal” /Хэлцэл хийх урлаг/ номоо борлуулж 100 мянгаас 1 сая долларын орлого олжээ. Түүнчлэн тэрбээр “Шавь” /The Apprentice/ гэдэг нэртэй реалити-шоунаас ашиг хүртсээр байгаа аж.  

Холбоотой мэдээ