БЗД-ийн 6 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гараж, 3 төмөр чингэлгийг албадан буулгаж газрыг чөлөөлжээ.
Тус хорооны иргэд болон 136 дугаар цэцэрлэгээс тоосгон гараж, төмөр чингэлэг буулгахыг шаардлагыг удаа дараа холбогдох газар руу илгээж байсан байна. Тодруулбал, энд барилга байшин ихтэй, хүн ам шигүү суурьшсан газар аж. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай буюу хорооллын дунд байдаг ганц цэцэрлэгээ тоосгон гараж төмөр чингэлгээр дугуйруулан хашсанаас болж хүүхэд тоглох талбай, ногоон байгууламж байдаггүй байна. Түүнчлэн 22Б байрны зүүн талд л 10-аас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гараж 26, төмөр чингэлэг 3 байгаа бол баруун талд 28 байр нарийн зам даган байрлаж байна.
22Б байрны зүүн талын газрыг чөлөөлснөөр 1000 ам дөрвөлжин метр талбай нийтийн эзэмшилд шилжих юм.
БЗД-ийн 6 хорооны Засаг дарга Г.Ариунболд “Манай хороо нийтийн эзэмшлийн зам талбай битгий хэл хоёр машин зөрөөд өнгөрөх зайгүй болчхоод байна. Тухайлбал 21Б байрны орчимд сул чөлөөтэй талбайгүй болохоор хоёр эгнээтэй замын нэг урсгалд оршин суугчид машинаа тавьдаг. Нэг урсгалаар нь машинууд зохицоод зөрдөг. Эдгээр тоосгон гаражийг буулгаж нийтийн эзэмшилд өгч, ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах эсвэл цэцэрлэг сургуульд зориулж авах саналыг оршин суугчид удаа дараа ирүүлсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа ажил юм” гэлээ.
БЗД-ийн ГЗБА-ны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “Өнөөдрийн буулгалтаар 15 гараж, гурван төмөр чингэлгийг албадан буулгалаа. Цаашид 28 гараж буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно” гэв.