Монгол улсын нийт нутгийн 50 хувьд зуншлага сайн байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-07-23 15:59:10

Билгийн тооллын 17 дугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сар (7дугаар сарын 21-ээс 8 дугаар сарын 20) гарлаа. Адаг сар гарна гэдэг нь энэ жилийн хувьд зун  дуусахын анхны шинж тэмдэг.


Засгийн газрын ээлжит хуралдаан (7 дугаар сарын 22) нийт нутгийн зуншлагын талаар ХХААХҮЯ мэдээлэл хийжээ. Тэрхүү мэдээллээс харвал нийт нутгийн 40 орчим хувь (7 дугаар сарын 10) зуншлага сайн, 40 хувь дунд, 20 гаруй хувь тааруу гэсэн байна. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байгаа аж.  Зуншлага муу байгаа Дундговь аймгаас 1331 өрх, нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар зэрэг зуншлага сайн аймгуудад отор хийж байгаа гэж дээрх мэдээлэлд дурьджээ.


Бодит нөхцөл байдалтай уялдуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурваст хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон нөөц багатай амгуудад ашиглуулна. Мөн улсын тусгай хамгаалалтай газар, улсын хилийн зурваст отроор өвөлжих, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байхыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. Даалгаварт отор, нүүдэл хийж байгаа малчин өрхийн хүн амыг заавал эрүүл мэндийн даатгалд хамруулна. Мөн оторчдыг хүлээн авсан аймаг, сумын эмнэлэг тэдэнд эмнэлгийн тусламж, тэр дундаа түргэн тусламж үзүүлэх бэлтгэл хангахыг онцолсон байна.


Цаг уур, орчин шинжилгээний газар (ЦУОШГ)-ын сайтад бэлчээр нутгийн 50 орчим хувь (7 дугаар сарын 20) зуншлага сайн, 30 гаруй хувь дунд, 20 орчим хувь буюу Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баян-Өндөр, Заг, Баянцагаан Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төв аймгийн Бүрэн, Аргалант, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд, Луус, Мандалговь, Өлзийт, Сайхан-Овоо, Өндөршил, Говь-Угтаал, Адаацаг, Өмнөговь аймаг Цогт-Овоо, Ноён, Сэврэй, Цогтцэций, Гурвантэс, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан сумдын нутгаар муу (3 дугаар зураг) гэж мэдээлжээ.


Энэ жилийн наадмаар нийт нутгаар бороо орсон нь зуншлагад сайнаар нөлөөлжээ. Энэ 7 дугаар сарын эхний 10 хоногт нийт нутгийн 40 хувьд зуншлага сайн байсан бол наадмаас хойш 50  хувьд нь зуншлага сайн болсон байна.  Энэ нь сайн мэдээ хэдий ч нийт нутгийн 20 орчим хувьд гандуу хэвээр байгаа бололтой.


Харин 7 дугаар сарын 10-20-ны хооронд бороо (хур тунадас)  ихэнх нутагт 0-20 мм, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Булганы ганц нэг сумдын нутгаар 20,1-50 мм, Увсын Хяргас, Малчин, Түргэн, Өндөрхангай, Улаангом, Зүүнговь, Сагил, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Бугант (Ерөө), Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баянтүмэн, Сүмбэр (Халхгол), Сүхбаатарын Баруун-Урт, Халзан, Сүхбаатар, Дарьганга, Түвшинширээд 50,1-100,6 мм орсон. Гэхдээ Өвөрхангайн Сант, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Хатанбулаг суманд бороо ороогүй байна.  

 

Холбоотой мэдээ