Үржүүлсэн тарвагаа харж, хамгаалах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-22 12:18:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутаг Сайнцагаан сумын нутагт орших Хаалгын хаданд хөдөлгөөн мэдрэгч гурван камерыг гурван цэгт суурилууллаа.

Тус аймгийн Их газрын чулуу, Хаалгын хадны орчимд 2010-аад он хүртэл тарвага элбэг байсан бөгөөд тарваганы маханд дуртай хүмүүсийн хууль бус үйлдлээс болж, тарваганы тоо толгой цөөрч, ховордсон юм.

Харин Сайнцагаан сумын иргэн Б.Бат-Эрдэнэ өөрийн сэтгэлээр 2013 онд энэ нутагт 30 гаруй тарвага авчран нутагшуулжээ.

Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой амьтан. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг ажээ.

Б.Бат-Эрдэнэ тарваганыхаа бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж, бороо хургүй үед бэлчээрийг нь усалж, хамгаалж, тарвагаа өсгөн үржүүлж байна.  

Түүний энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг тус аймгийн  Их Газрын Чулуу байгалийн цогцолборт газрын захиргаа дэмжиж, ийнхүү камержуулсан байна.

Камер тавьснаар хөдөлгөөнийг мэдэрч, автоматаар бичлэг хийж хадгалдаг учраас хэд хоноод очиж бичлэгийг шалган тарваганыхаа амьдралыг судлах, тэдгээрийг агнах хууль бус үйлдэл гарсан тохиолдолд түүнийг илрүүлэх боломж бүрдэж байгаа аж. 

Холбоотой мэдээ