Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын дэмжлэг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-10 16:51:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг зээл авах хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 


Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусний цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг болгож Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.


Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм.  Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ