Намар, өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-09 16:05:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 20 сумын Засаг дарга нартай зуншлагын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, намаржилт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг базаах зэрэг асуудлаар шуурхай зөвлөгөөн хийлээ.
Энэхүү шуурхай зөвлөгөөнд аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Баттөр, Ус цаг уур орчны шинжилгээний газрын инженер Л.Алимаа, Мал эмнэлгийн газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, холбогдох мэдээллийг хийсэн. Аймгийн нийт нутгийн таван хувь нь сайн, 20 хувь нь дунд зэрэг, 15 хувь нь маш муу, 60 хувь нь гантай зуншлага тааруу байгааг албаныхан мэдээлж байна. Мөн өнөөгийн байдлаар аймгийн хэмжээний 850 өрхийн 300 шахам мянган мал өөр аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийж яваа аж.
Гол нуурын усны түвшин эрс буурсан, Шар усан гол зэрэг хэдэн голууд тасарч, булаг шандууд ширгэсэн байдалтай байгааг УЦУОШГ-ын инженер мэдээлэлдээ онцолж байв. Мөн хур бороо муу байгаатай холбогдуулан УЦУОША-ны "Баян бороо-1" экспедиц гуравдугаар сарын 30-нд Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутаг антентай хөтөл, Өлзийт сумын Хар нүдэн зэрэг газраас үүлэнд нөлөөлж Баян-Овоо, Өлзийт, Баацагаан, Богд, Жинст, Баянхонгор, Шинэжинстийн нутгуудаар хур тунадас орсон байна. Мөн дөрөвдүгээр сарын 14, 18, тавдугаар сарын 18,19, мөн сарын 22, 24, 29, 30-ны өдрүүдэд долоон удаа үүлэнд нөлөөлж зохих хэмжээний хур тунадас оруулжээ.
Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мал эмнэлгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсний дараа 18 сумын Засаг дарга нар өөр өөрийн сумынхаа зуншлагын өнөөгийн байдал, отор нүүдлийн болон тухайн суманд тулгамдсан ямар асуудал байгаа, цаашид хэрхэх талаараа мэдээлэл хийж санал хүсэлтээ аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нарт уламжиллаа.
Мал сүргийн тоо толгой эрс өссөнөөс үүдэлтэй бэлчээрийн даац хүрэлцэхгүй болсон, мал сүргийг цөөлж, зах зээлд борлуулах, отрын бүс нутгийн усан хангамжийн хүрэлцээ мөхөсдсөн, аймаг хоорондын болон сумдын хилийн цэсийн маргаантай байдал зарим аймаг, сумын нутагт хүний аминд хүрэх хэмжээний ноцтой байдалд хүрээд байгаа, өөр аймаг сумын нутагт өнчин ишигний гарз хохиролгүй өвөлжиж хаваржсан хэрнээ нутаг буцахдаа байгаль дэлхийгээ бохирдуулахын зэрэгцээ хэл амаар доромжлох зэрэг зохисгүй байдлыг үүсгэх нь энгийн үзэгдэл болсон зэрэг асуудлыг Засаг дарга нар хөндөн хэлж байв. Нөгөөтэйгүүр хэд хэдэн сумын Засаг дарга нар отроор яваа өөр сум аймгийн малчдыг хөөхөөс өрцгүй байдалд орсныг ч хэлж байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга холбогдох хэлтэс, агентлагуудын ажил цалгар, хариуцлага, санаачилга сул байгааг Мал эмнэлэг, Хөдөө аж ахуйн газар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээр жишээ татан шүүмжлэлтэй хандаж өөр өөрсдийн ажлаа сайжруулан, эрчимжүүлэх, аймаг, сумдын хилийн цэсийн ажлыг наймдугаар сард эмхэлж цэгцлэх, тус зөвлөгөөний шийдвэрт тусгагдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох чиглэлийг өгсөн юм.
Холбоотой мэдээ