Нийтийн дунд нэр хүндгүй эрх баригч нам сонгуульд хэрхэн ялав?

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-09 13:53:50

УЛААНБААТАР. /Washington Post/. Монгол Улсад өнгөрсөн зургадугаар сарын 24-нд парламентын сонгууль явуулах үеэр хүчтэй аадар бороо орсныг үл харгалзан сонгогчдын 73 гаруй хувь нь шинэ коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хоёр метрийн зай барин саналаа өглөө.


Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн, эрх баригч Монгол ардын нам /МАН/ илт давуу ялалт байгуулж, нийт саналын дөнгөж 45 хувиар парламентын 76 суудлын 62-ыг авав.


Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ хол зөрүүтэйгээр хоёрдугаар байрт бичигдэж, нийт саналын 25 хувиар 11 суудлыг авчээ. Үлдсэн гурван суудлыг хоёр жижиг нам, нэг бие даан нэр дэвшигч авсан байна. Сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөний 121 нь бие даан нэр дэвшсэн нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болсон. Мөн 13 нам, дөрвөн эвслийн нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд өрсөлдлөө.


Энэ жил намууд, бие даагчдын тоо яагаад ийм өндөр байв? Олон нийтийн хоёр гол намд үзүүлэх итгэл буурсныг энэхүү явдал харуулсан бөгөөд МАН, АН-ын аль аль нь сүүлийн жилүүдэд авлигын дуулианд холбогдсон байна.


МАН-ын хувьд олон нийтийн дунд нэр хүнд муутай байсныг үл харгалзан ялалт байгуулсан бөгөөд ардчилсан тогтолцоонд шилжээд цөөн жилийг үдэж буй оронд эдгээр үр дүн юуг илэрхийлж байна вэ?


МАН сонгуулийн хуулийг өөрчилсөн

Монголын эрх баригч намууд өөрсдөдөө ашигтай байлгахын тулд сонгуулийн хуулийг тогтмол, дураараа өөрчилсөөр ирсэн бөгөөд ихэвчлэн сонгууль болохоос өмнөхөн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг. Өнгөрсөн 12 дугаар сард МАН өмнөх сонгуулиар ашигласан нэг мандаттай тогтолцоог олон мандат бүхий тогтолцоо болгон өөрчилжээ.


Монгол Улс “сонгогчид мандатын тоогоор санал өгч, хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялах” уг тогтолцоог түүхэндээ хоёр удаа ашиглаж байсан бөгөөд уг хоёр сонгуулийн аль алинд МАН ялалт байгуулжээ. Дэлхийн бусад орны хувьд Кувейт, Маврики, Сири зэрэг найман улсад л энэ тогтолцоог ашигладаг байна.


Одоогийн хуулийн дагуу Монгол Улс хүн амын хувьд тэнцвэргүй хуваарилсан 29 тойрогтой бөгөөд тойрог бүр 2-3 мандаттай. Тойрог бүрээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчид сонгогдоно. Гэвч “ялагч бүхнийг хожих” хандлага нь сонгогчдыг жижиг намыг дэмжихээс илүүтэйгээр хоёр гол намын аль нэгийг сонгоход хүргэдэг ажээ.


МАН сонгуулийн хуулийг өөрчилснөөр 76 суудлын 52-ыг тууштай дэмжигчид бүхий орон нутгийн тойргоос сонгогдохоор болгожээ. Харин Монголын нийт хүн амын тэн хагас орчим нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод 24-хөн суудал буюу нийт суудлын гуравны нэг нь оногдсон байна. Энэ нь өнгөрсөн сонгуулийнхаас дөрвөөр цөөн юм.


Шинэ дүрмүүд нь сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, хүн амын аль алины хэмжээг өргөтгөсөн нь МАН гэх мэт нөөц бололцоо ихтэй намуудын хувьд ашигтай болжээ. Мөн сүүлийн үед явагдсан сонгуулиудад кампанит ажлын хугацааг 21 хоног болгосон нь олон нийтэд танигдаагүй нэр дэвшигчдийн дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх боломжийг бууруулжээ. 


Халдварын тохиолдлын тоо цөөн байгаа нь Засгийн газрын дэмжлэгийг нэмэгдүүлсэн байж магадгүй

БНХАУ-ын Ухань хотод коронавирусний халдвар анх тархсаны дараа тус улстай залгаа хилээ хаасан хоёр дахь улс нь Монгол болж, БНАСАУ-ын араас ийм шийдвэрийг гаргажээ. Нэгдүгээр сарын эхээр МАН-ын Засгийн газар үндэсний баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж, олон улсын бүх зорчих хөдөлгөөнийг хориглож, олон нийтийн газруудыг хаасны зэрэгцээ зайнаас харилцаж, амны хаалт зүүх шаардлагыг иргэдэд тавьжээ. Сонгуулийн өмнөх өдрийн байдлаар Монгол Улсад халдварын 215 тохиолдол бүртгэгдсэн байсан нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн юм.


Ард иргэд “COVID-19” халдвараас эмээж буй үед дотоодын тархалт тэг үзүүлэлттэй байгаа нь МАН-ын удирдлагад итгэх итгэлийг нэмэгдүүлжээ. Саяхан явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Монголын иргэдэд тулгарч буй нийгэм, улс төрийн асуудлуудын гуравдугаарт “COVID-19”-ийг нэрлэжээ. Санал асуулгад оролцогчдын тэн хагас орчим нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг Засгийн газрын томоохон ололт амжилт гэж үзсэн байна.


АН дотооддоо зөрчилтэй байсан

МАН цар тахлын эсрэг сайн ажилласнаас гадна сүүлийн жилүүдэд аюултай түвшинд хүрээд байсан агаарын бохирдлыг бууруулсан талаараа кампанит ажлаа явуулсан. Мөн МАН-ын кампанит ажлын гол санаа нь нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, авлигатай тэмцсэн явдал байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын арвин их баялгаар шударга бусаар хөрөнгөжсөн хэмээн нэрлэж буй “чинээлэг 30 гэр бүлтэй” зоригтойгоор тэмцэж буй шийдэмгий удирдагч хэмээн өөрийгөө тодорхойлжээ.


Харин нөгөө талд, АН нэгдмэл кампанит ажил явуулж чадаагүй. МАН хамгийн их мөнгө төлсөн хүмүүст нэр дэвших эрхийг худалдсан хэмээн АН-ын дарга С.Эрдэнийг буруутгасан. Мөн тэрбээр У.Хүрэлсүхтэй харьцуулахад намынхаа нэр дэвшигчдийн өмнөөс идэвхтэй кампанит ажил явуулаагүй. У.Хүрэлсүхийн хувьд сонгогчдын дэмжлэгийг авахын тулд гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд орон даяар аялсан. Дотоодын маргаан нь АН-ын байдлыг улам дордуулж, зарим нэртэй удирдагчид нь сонгуулийн өмнө гуравдагч нам байгуулж, зарим нь бие даан нэр дэвшсэн нь намын дэмжигчдийг бутаргажээ.


Хоёр гол намын мөрийн хөтөлбөр бага зэрэг ялгаатай байсан. Аль аль нь эдийн засагт Засгийн газрын шууд оролцоотойгоор ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж амласан, ялангуяа хүнд үйлдвэр, уул уурхайн салбарт. Түүнчлэн улс төрийн томоохон мэтгэлцээн болоогүй бөгөөд үүний оронд намын удирдагчдын хувь хүний байдал зонхилсон. МАН нэр хүндтэй удирдагч У.Хүрэлсүхийн нөлөөгөөр өрсөлдөөнд ялсан бол АН-ын хувьд сул удирдагчтай байсан.


Зургаан нэр дэвшигч баривчлагдсан

Монгол Улс 1990 онд коммунист дэглэмээс тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш найм дахь удаагаа парламентын сонгууль явуулж буй нь энэ юм. Гэсэн хэдий ч энэ 30 жилийн хугацаанд анх удаа зургаан нэр дэвшигч кампанит ажлын үеэр баривчлагдсаны дөрөв нь сөрөг хүчний нам, нэг нь бие даагч, нэг нь МАН-ын нэр дэвшигч байв. Тэдний тав нь Ерөнхийлөгч Х.Баттулга юм уу Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зөрчилдөж байсан нэртэй улс төрчид байсан нь тэдгээр баривчилгаа улс төрийн зорилготой байсан байж болзошгүй болохыг харуулж байна.


Нэр дэвшигчдийг баривчилсан нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн хэрэг болсон бөгөөд уг баримт бичигт нэр дэвшигчид халдашгүй эрхтэй хэмээн тусгасан байдаг. Ажиглагчдын үзэж буйгаар, шүүхийн хараат бус байдалд заналхийлсэн, маргаан дагуулсан өнгөрсөн оны хууль ардчилалд аюул учруулж буйг уг үйл явдал харуулжээ. МАН одоо Засгийн газрын бараг бүх байгууллагыг бүрэн хянах тул ардчиллын мөн чанарыг дахин сулруулах эрсдэл өндөр хэвээр байна гэж Японы нийслэл Токио хотын “Waseda” их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан бичжээ.  

Холбоотой мэдээ