“Samsung” гар утас ариутгагч зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-07-08 15:17:41

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани ухаалаг гар утас ариутгагч хэт ягаан туяаны зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэж эхэлснээ мэдэгджээ.


Коронавирусний цар тахлын үед ийм төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдсэн байна. “Samsung”-ийн ариутгагч эд зүйлсийн гадаргуу дээрх нян бактерийг 10 минутын дотор 99 хувь устгадаг гэнэ. Уг төхөөрөмж нь мөн гар утсанд зориулагдсан утасгүй цэнэглэх функцтэй бөгөөд Өмнөд Солонгост 49500 воны /40 ам.доллар/ үнэтэйгээр худалдаалагдах аж.


“Yonhap” агентлагийн мэдээлснээр, “Samsung” компани мөн гар утасны гэрэнд зориулсан нянгийн эсрэг бүрхүүлийн технологио саяхан патентжуулсан байна.


Өмнөд Солонгост коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн билээ. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх баригчид орон даяар урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгахаар төлөвлөжээ. 


Одоогийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусээр халдварласан нийт хүний 13244-т хүрч, 285 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ