“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил Эрдэнэбулган суманд их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-30 15:22:23

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл, түүний шийдвэрлэлтийг судалж танилцууллаа.  Судалгааг энэ оны эхний 5 сарын байдлаар гаргасан байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлөөс судалгаанд хамрагдсан хугацаанд 76 зөрчил буюу 78.5 хувь нь аймгийн төв Эрдэнэбулган суманд үйлдэгдсэн ба Ихтамир суманд 6, Цэнхэрт 3, Чулуутад 2, Эрдэнэмандалд 2, Булган суманд 2, Цахир, Хангай, Өлзийт, Өндөр-Улаан, Төвшрүүлэх суманд тус бүр 1 удаа үйлдэгджээ.

Архангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээн авсан 100 гомдол, мэдээллээс 94 гомдол, мэдээлэлд зөрчлийн, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” зөрчил 71 буюу 73.5 хувийг, 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” зөрчил 20 буюу 21.5 хувийг, 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” зөрчил 5 буюу 5.1 хувийг тус тус эзэлжээ.

Аймгийн Прокурорын газраас Эрдэнэбулган, Ихтамир сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тус тус прокурорын мэдэгдэл хүргүүллээ.

Холбоотой мэдээ