Хонин сүргийн ууган гурван үүлдэр Сэлэнгээс эхлэлтэй

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-06-30 18:27:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол орны ус бэлчээр, уур амьсгалд нутагшсан хонин сүргийн, ууган гурван үүлдэр болсон “Орхон”, “Хангай”, “Ерөө” үүлдрийн хонин сүргийг Сэлэнгэ аймагт өргөн үржүүлж байна. Энэхүү үүлдрүүд нь монгол мал зүйч, зоо техникчдийн оюуны томоохон бүтээл юм. Иймээс тасралтгүй үргэлжлэн үржүүлж байх учиртай аж. Иймээс цаашид төрөөс онцгойлон анхаарах цаг ирснийг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Сэлэнгэ нутаг өнгөрсөн нэгэн зуунаас хойш, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хилийн худалдаа гээд Монгол орны эдийн засгийн тулгуур бүс байсаар иржээ. Тухайлбал малын үүлдэр угсааг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхээр 1940-өөд оны үед мал аж ахуйн салбарын эрдэмтэд хонин сүргийн үүлдэрлэг байдалд анхаарч, өндөр ашиг шим бүхий малын эрэлд гарсан байна. Энэ ажлаа Сэлэнгийн униарт хөндий, үржил шимт хөрсөнд түшиглэн хийжээ. Үүний нэгэн жишээ нь одоогоос 60 орчим жилийн өмнө шилмэл үүлдэр болон батлагдсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон” хонь юм. Энэхүү хонины зах зээлийн шаардлага нь тухайн үеийн Орхоны сангийн аж ахуй байсан аж. Үүний дараагаар “Орхон хоньтой ижил төс бүхий “Хангай”, “Ерөө” үүлдрийн хонинууд бий болсон байна. Эдгээр нь тухайн цаг үедээ Ерөө, Энхтал”-ын САА-г түшиглэж бий болж байжээ. Дээрх үүлдрийн хонинууд тухайн цаг үедээ баялаг, инновац, үүлдэр болон батлагдсан аж. Эдгээр үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонины цөм сүрэг нь цаг хугацааны хувьд хол зөрүүгүй бий болж, хөдөө аж ахуй хөгжлийнхөө дээд түвшинд дөхөж, улс орныхоо хөнгөн үйлдвэр, эдийн засгийн хүнд ачааг үүрэлцэж байсан байна. Нарийн нарийвтар ноост хонины ууган үүлдэр болсон

“Орхон” үүлдрийн хониороо Сэлэнгэ аймгийн Орхон сум танигддаг. Хүний оюуны бүтээл болсон Орхон үүлдэр 1961 онд эх орны ууган үүлдрээр батлагдаж байсан байна. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хувьд шилжиж, үйлдвэрлэг байдлаа алдах тохиолдол гарчээ. Орхон сумын нутгийн брэнд болсон Орхон хонь одоогоор 17 сууринд 5000 гаруй толгой бий. Нэг үеэ бодвол тоо толгой нь тасралтгүй өсч байгаа хэмээн сумын Засаг дарга Г.Бат-Орхон хэлсэн. 2005 оноос Орхон хонины үүлдэр угсааг нь хадгалахын тулд намар нь зохиомол хээлтүүлэг хийдэг байна. Ингэхдээ эрлийзжүүлэх биш, цэвэр үүлдрийг нь хадгалах чиглэлд анхаарч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ