С.Батжаргал: Увс аймгийн сонгогчдын 83,3 хувь санал хураалтад оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-26 12:22:00

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооны дарга С.Батжаргалтай уулзаж, УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн мэдээ хийгээд санал хураалт зохион байгуулах явцад учирсан хүндрэл бэрхшээлийн талаар асууж тодрууллаа.


-Аймгийн хэмжээнд сонгогчдын ирц хэдэн хувьтайгаар энэ удаагийн сонгууль өндөрлөв?

-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль Увс аймагт амжилттай болж өнгөрлөө. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймаг гурван мандаттай. Энд 4 нам, 3 эвсэл, таван бие даагч, нийтдээ 23 нэр дэвшигч өрсөлдлөө. Увс аймгийн 15 дугаар тойрог дээр 52180 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн. Үүнээс 83,3 хувь буюу 43460 сонгогч УИХ-ын сонгуульд саналаа өглөө. АН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл 26704, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 22535, МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн 21478 хүний санал авлаа гэсэн урьдчилсан дүн мэдээг хэсгийн хороодоосоо утсаар аваад байна. Энэ сарын 25-наас эхлэн урьдчилсан дүн мэдээг төхөөрөмжийн билл хуудастай тулган баталгаажуулж, сонгуулийн дүн мэдээг аймгийн хэмжээнд нэгтгээд СЕХ-нд хүргүүлснээр 15 дугаар тойргийн сонгуулийн ажиллагаа дуусна. СЕХ цаашид нягталж тулган баталгаажуулаад УИХ-ын сонгуульд хамгийн өндөр санал авсан мандатын тоотой тэнцүү нэр дэвшигч нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулах юм.

   Увс аймгийн хэмжээнд 92 хэсгийн хороонд санал авах ажиллагааг зохион байгуулсан. Хэсгийн хороод саналаа авч дууссаны дараагаар УИХ-ын сонгуулийн хуулинд заасны дагуу хяналтын тооллого хийх ёстой байдаг. Тэгэхдээ энэ тооллогыг нийт хэсгийн хорооны 50 хүртэл хувь дээр хийх ёстой. Тухайлбал, гурван хэсгийн хороотой сум бол нэг хэсгийн хороон дээрээ, 4 хэсгийн хороотой сум бол 2 хэсгийн хороон дээрээ хяналтын тооллого явуулна. Аль хэсгийн хороог хяналтын тооллогод оруулахаа тухайн сумын сонгуулийн хорооныхон нэр дэвшигч нарын ажиглагч нарыг төлөөлөл болгож оролцуулаад сугалаа татах байдлаар сонгосон. Ингээд сонгосны үндсэн дээр 42 хэсгийн хороо сугалаагаар гарч ирсэн бөгөөд энэ хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийх ажиллагааг энэ сарын 24-ний шөнө амжилттай зохион байгуулж, 25-ны өглөөний орон нутгийн 5 цаг 30 минутад дууссан. Хяналтын тооллогоор ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй.

-Санал хураалтын үеэр хэсгийн хороод дээр ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарсан уу?

-Сонгууль зохион байгуулах явцад 5 сумын нэг нэг хэсгийн хороон дээр улсын бүртгэлийн хуудас хэвлэх төхөөрөмж гацсан асуудал гарсан. Сонгуулийн хуулинд энэ талаар заагаад өгчихсөн. Сонгогчийн иргэний үнэмлэхийг сонгогчийн нэрсийн жагсаалтттай тулган баталгаажуулаад санал авах ажиллагааг үргэлжлүүлж болно гэж заасан. Үүний дагуу бид бүхэн зөвлөмж заавар өгөөд хэвийн горимд оруулаад явсан. Мөн 24-ний өглөө Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай суманд эрчим хүчний доголдол гарсан. Баруунтуруун сумын цахилгааны дэд станц дээр доголдол гарсныг мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч нэг цагийн дотор цахилгааны эх үүсвэрийн доголдлыг арилгасан. Зүүнхангай суманд хамгийн урт буюу 3 цаг орчим хугацаанд цахилгааны доголдол гарсан. Сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод нөөц цахилгааны эх үүсвэрийг бэлтгэсэн байсан. Иймээс зөөврийн нөөц мотороо асаагаад санал авах ажиллагааг ямар нэгэн тасалдалгүй хэвийн үргэлжлүүлсэн. Санал авах явцад улс төрийн намуудаас янз бүрийн хууль зөрчсөн гомдол мэдээллүүд бас гарсан. Энэ гомдлоо хуулийн дагуу цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж байгаа. Сонгуулийн байгууллагатай холбоотой нэг зөрчил гарсан нь санал өгөхөөр ирсэн иргэн саналын хуудасныхаа зургийг дарж байгаад манай хэсгийн хорооны ажилтнуудад баригдсан. Уг асуудлыг баримтжуулаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа. Мөн ийм зөрчил дутагдал гаргаж болохгүй талаар тухайн үед нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэл хүргэж ажилласан.

-Энэ удаагийн сонгуулийг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан бэ?

-Аймгийн хэмжээнд 1300 гаруй төрийн албан хаагч томилогдон ажилласан. Үүнээс аймаг, сум, хэсгийн хороонд 778, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 99, технологийн баг, техникийн даамал 98 хүн ажилласан. Коронавирусний халдвар хамгааллын асуудал нэн тэргүүнд яригдаж байгаа энэ цаг үед сонгууль болсон учраас эрүүл мэндийн салбарын ажилтнууд сонгуулийн хэсэг бүр дээр ажилласан. Мөн аймаг, сумын онцгой байдлын төлөөлөл, онцгой байдлын ажилтнууд хэсэг бүр дээр ажиллалаа. Тэрчлэн нийгмийн хэв журмыг хангах, зохицуулах үүднээс цагдаагийн байгууллагын ажилтнууд хэсэг бүр дээр ажилласан. Саналын хуудас, санал авах төхөөрөмжийн хадгалалт хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцан ажилласан. Түүнд хяналт тавих ажлыг тагнуулын байгууллага хариуцаж ажиллалаа. Энэ удаагийн сонгууль зохион байгуулахад оролцсон 1300 гаруй төрийн албан хаагч нартаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндсэн ажлынхаа хажуугаар сонгуулийн байгууллагын ажлыг амжилттай зохион байгуулсан явдалд Увс аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ