Бээжинд шинээр халдвар авсан 9 тохиолдол бүртгэгдлээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-22 11:41:04

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод энэ сарын 21-ний өдрийн 0-24 цагийн хооронд шинээр коронавирусний халдвар авсан 9, сэжигтэй 2, шинж тэмдэггүй 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

            Энэ нь Бээжин хотод халдвар тархаж эхэлснээс хойш сүүлийн 7-н хоногийн хугацаанд анх удаа шинээр халдвар авагсдын тоо нэг оронтой тоонд орж буурсан үзүүлэлт юм.

            Хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, шинээр халдвар авсан иргэдийн 5 нь Фөнтай дүүрэгт, 2 нь Хайдень дүүрэгт, Сичөн болон Чаоян дүүрэгт тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

            Өчигдрийн байдлаар халдварын тархалт дэгдэж эхэлсэн Фөнтай дүүрэгт нийт 159 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор Бээжин хотын хоёр газарт “өндөр эрсдэлтэй” дэглэм үйлчилж байгаа бөгөөд эдгээр нь Фөнтай дүүргийн Хуасиан, Дашинь дүүргийн Сихунмэн гэсэн газрууд юм.

            Энэ сарын 11-нээс 21-ний өдрийн хугацаанд тус хотод нийтдээ 236 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд халдварыг хязгаарлаж чадсан гэжээ.

            Тодруулбал, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлийн мэргэжилтэн Ү Хао хэлэхдээ “Бээжин хотын халдварын тархалт хэвийн байдалд орж байна. Өдөр бүр шинээр халдвар авагсад бүртгэгдсэн боловч эдгээр нь хяналтын гадуурх шинэ тохиолдол биш бөгөөд өмнө нь хийсэн нуклейн хүчлийн шинжилгээний хариу аажмаар гарч ирж буй хэрэг юм”  гэжээ.

            Түүний үзэж буйгаар ирэх өдрүүдэд шинээр халдвар авагсад нэмэгдсэн үзүүлэлт гарах ч дахин нэг долоо хоног өнгөрөхөд халдварын тохиолдол бүртгэгдэхгүй болно гэжээ.

            Энэ сарын 20-ны өдрийн байдлаар, тус хотод нуклейн хүчлийн шинжилгээ хийх боломжтой 98 газар байсныг нэмэгдүүлж 124 болгосон бөгөөд өдөрт хамгийн дээд талдаа 100 мянган хүнийг шинжилгээнд хамруулж байсныг нэмэгдүүлж 230 мянга болгосон байна. Улмаар нийтдээ 2 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

            Өчигдрийн байдлаа,р Хятад улс даяар нийт 18 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 7 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн, 11 нь дотоодын гаралтай халдвар байв. Үүний 9 нь Бээжинд, 2 нь Хэбэй мужид юм. Хэбэй мужид бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Бээжингийн халдваруудтай холбоотой юм байна.  

Холбоотой мэдээ