Ч.Батзаяа: Морьтон казах эр, цаад талд нь сүндэрлэх Алтайн сүрлэг уулс бол гайхалтай хослол

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-18 11:22:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын казахууд бүргэдээр ан хийх урлагийг өнөөдрийг хүртэл хадгалж үлдсэн дэлхий дээрх цөөхөн үндэстний нэг. Бүргэд, бүргэдийн баярыг үзэж сонирхохоор манай улсыг зорин ирдэг гадаадын жуулчдын тоо ч жил бүр нэмэгдэж байгаа.  Бид энэ удаад бүргэдийн сэдвээр цуврал зураг авч, энэхүү өвөрмөц урлагийг эх орондоо болон дэлхий дахинаа сурталчилж яваа гэрэл зурагчин Ч.Батзаяатай ярилцлаа.


 - Таны гэрэл зурагчин болсон түүхээс өнөөдрийн ярилцлагаа эхэлье. Энэ салбарт хэзээ яаж орж ирэв?

 -Би өөрөө Завхан аймгийн хүн. 1998 оноос гадаадын жуулчдад хөтөч хийж, аялал жуулчлалын салбарт хөл тавьсан. Энэ салбарын хүн гэрэл зураг сонирхох шаардлага зайлшгүй байдаг. Нэгдүгээрт, аялал жуулчлалын компаниа сурталчилж вэб сайт, танилцуулга хийхэд Монголын тухай зураг их хэрэгтэй болдог. Эхэндээ би найзуудаасаа, ирсэн жуулчдаас зураг гуйж авдаг байлаа. Тэдгээр нь чанар, агуулгын хувьд сэтгэлд хүрдэггүй гээд олон бэрхшээл байсан. Ингээд аргагүйн эрхэнд өөрөө зураг авах болсон. Хоёрдугаарт, би 2005 онд баруун Африкийн Сахарын цөлөөр аялсан. Үзэж харсан сонин зүйлсээ гэрийнхэндээ харуулахын тулд тухайн үедээ нэлээд дэвшилтэт, нягтрал сайтай, жижигхэн камер авч байлаа. Авсан зургуудаа найзууддаа үзүүлэхэд мэдрэмж сайтай байна хэмээн ихэд урам хайрлаж, намайг хурцалж өгсөн л дөө. Сүүлийн хэдэн жил зургуудаа фэйсбүүк, твиттер, инстаграм гээд цахим орчинд ихээр хуваалцдаг болсон нь зурагчдыг хөгжихөд бас их хувь нэмэр болж байна. Ажлын шаардлагаар хийж байсан зүйл маань яваандаа хобби болж өнөөдөр нэлээд идэвхтэй зураг авдаг болчихоод байгаа. Гэрэл зурагт дурласан хүн ч гэж хэлж болно.

- Голдуу ямар зураг авдаг вэ?

- Анх байгалийн зураг авдаг байлаа. Тухайн үед камераа тэгж тохируулах ёстой юм байна, тэдэн цагт, тэндээс авах ёстой юм байна гэх мэт зүйлсийг сурсан. Бүр аль улиралд очиж авахаа хүртэл төлөвлөдөг байлаа. Бас газар орноо ч мэддэг болсон. Энэ бол хобби маань анхан шатандаа явсан үе. Ингээд ямар ч үед, ямар ч зураг авдаг болчихлоо. Дараа нь байгалийн зургаас ахуй амьдрал, аяллын зургуудаа сэдэвчилж нэлээн зураг авсан. Жишээ нь Тайгын амьдралаар нэлээд зураг авсан. Орчин үед зурагчдын багаж хэрэгсэл их хурдтайгаар сайжирч өөрчлөгдөж байна. Авах зүйлээсээ болоод камер хэрэгслээ ч нэлээн сайжруулж өөрчиллөө.

Сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтан нэлээн зураглалаа. Гурван жил ирвэсний араас хөөцөлдөж явна. Цоохор ирвэс бол давхиж очоод авчихдаг амар амьтан биш шүү дээ. Аз, дээр нь олон удаагийн уйгагүй хөдөлмөр, нэлээд мөнгө төгрөг, зардал болж байж зургийг нь авдаг амьтан. Өнгөрсөн жил гэхэд л би Баян-Өлгий аймагт зургаан удаа очсон. Очоод л эрэл хайгуулаа хийгээд явна. Баас шээс, мөрийг нь хайж, судалгаа хийнэ. Тэр нь ихэнхдээ бүтэлгүй болно. Ингэж явахдаа дан ганц ирвэс биш байгаль, ахуй, ойр орчмын ан амьтан, идэш тэжээл, нутаг орныг авчихдаг. Ирвэсний маш ховор таарах зургуудыг камертаа буулгаж чадсандаа баяртай байгаа.


- Таны интернэт орчинд тавьсан зургуудыг харахад Казахын ард түмний шүтээн болсон бүргэдийн зургийг маш олноор авсныг харлаа. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

- Дэлхийн улс орнууд ялгарал, өөрийн гэсэн онцлог байдал дээр тулгуурлан жуулчдыг татаж байна. Юу давуу байна түүнийгээ зөв сурталчилж, зөв хүмүүст нь хүргэж байж гаднынхны анхаарлыг татна. Гадаадынхан бидний боддог шиг байгаль л үзэх гэж Монгол орныг зорин ирдэггүй юм байна. Дан ганц үзэсгэлэнт байгаль хангалтгүй, нэмэх нь хүн болон түүний соёл, амьдрал байх ёстой юм байна. Бид бол нүүдэлчид. Монголчууд яаж аж төрж, яаж амьдарч байгаа нь барууныханд тааварлашгүй сонин. Тийм болохоор бидний гэх ялгарлыг олж харах хэрэгтэй гэсэн санааны үүднээс тэр ялгарлуудын нэг болох  “Бүргэд” цуврал зураг авч ирсэн дээ. Бүргэд, бүргэдчин, бүргэдийн баярын зураг аваад 10 жил боллоо. Одоо ч авсаар байгаа. Намайг 10 жилийн өмнө очиход байсан жаахан хүү өнөөдөр том залуу болоод эхнэр авчихжээ. Настай буурлууд нь өөд дэвшчихэж. Сангаа ухахад ийм хувьсал хүртэл ажиглагдаж байна. Бүргэдчдийг ихэнхийг нь танина. Тэдний сүүлийн 10 жилийн түүх, төрх царайны өөрчлөлт миний компьютерт байна.

- Сүүлийн үед олон хүн бүргэдийн зураг аваад байгаа. Таны зургуудын бусдаас ялгарах онцлог юу вэ?

- Тийм ээ. Сүүлийн үед зурагчид их болсон. Бие биенийхээ зургуудыг хараад гоё сайхныг нь мэдээд зураг авах нь бий. Аяллын явцад зураг авчихаад бусадтай хуваалцаж уралдаан тэмцээнд зургаа өгөх нь бий. Янз бүр дээ.

Миний хувьд аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн болохоор казах нөхөдтэй их ойр байдаг давуу талтай. Монгол руу ирж буй жуулчдын багагүй хувь нь баруун Алтай, казах иргэдийн амьдрал ахуй, соёл уламжлалыг харах гэж ирдэг. Энэ тоо цаашид ч өсөх боломжтой.

Монголын казах иргэд, бүргэдчид маань ёс уламжлалаа харьцангуй сайн хадгалсан гэж боддог. Манай казахуудын бүргэдийн соёл гайхалтай. Бүргэдээ барин давхиж буй морьтон казах эр, цаад талд нь сүндэрлэх Алтайн сүрлэг уулс бол гайхалтай хослол. Бүргэдчид болон анч бүргэдэд амьдрах, ан хийхэд таатай нөхцөл бүрдсэн бүс нутагт амьдарч байгаа нь мөн давуу тал юм. Өөр оронд тал газар нуурын захад бүргэд барьсан хүмүүсийг харж байсан л даа. Нэг л дутуу санагдаж байсан. Сүрлэг уулс, бүргэд, морь тэгээд үндэснийхээ сайхан хувцастай казах эрийн сүр хүчтэй эрэмгий байдал миний зургуудын амин сүнс.

Би агшин, хурд шаардсан зургуудад дуртай. Богино хугацаанд урсан өнгөрөх олон кадраас хамгийн сайныг нь барьж авч хоцрох шиг сайхан таашаал зурагчин хүнд үгүй.  


- Та бүргэд цуврал зургуудаараа бусдад юуг ойлгуулахыг зорьж байгаа вэ?

- Монгол бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудтай, олон ястан, үндэстний дахин давтагдашгүй түүх соёлтой орон. Түүний нэг бол казах түмэн тэдний бүргэдийн соёл юм. Энэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд, хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулах нь аялал жуулчлалын салбарын хүний хувьд, зурагчин хүний хувьд хийх ёстой ажил гэж өөртөө зорилго тавин ажиллаж байгаа.

Энд нэг хүнийг онцолж баяр хүргэмээр байна. Ганц би ч биш олон казах монгол хүмүүс надтай санал нийлэх байх. Тэр хүн бол Айшолпан охин. Энэ охины буянаар бүргэдийн баяр, бүргэдийн соёл дэлхийн олны анхааралд илүү тод өртлөө. Тэр охины нутгийг, бүргэдийн соёлыг үзэх гэж ирж байгаа хүмүүс Баян-Өлгийд ирж буй жуулчдын нэлээн их хувийг эзэлж байна. Их том хөрөнгө оруулалт шүү. Ер нь хүмүүст таниулж мэдүүлбэл хүмүүс илүү их ирнэ. Тэр нь бидний амьдралд нэмэр болно. Миний бүргэдийн зургуудыг хэвлээд авчирчихсан ийм зураг авмаар байна гэчихсэн хүнтэй таарч л байсан. Тэгэхээр бид хүнд хүргэх сурталчлах ажлыг маш сайн л хийх хэрэгтэй байна.


- Таны авсан бүргэдийн зургууд гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдэж байна уу? 

- Бүргэдийн олон зураг маань гаднын хэвлэлд гарсан. Хамгийн анхны бүргэдийн зургууд  2015 он онд бүргэдийн баяраар авсан зургууд байна. Дэлхийн том хэвлэлүүд болох Дэйли Ньюс, Телеграф, Yahoo News гэх мэтчилэн маш олон сонин сэтгүүл, сайтуудад гарч байсан.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 сард дэлхийн томоохон авиа компаниудын нэг болох Германы “Лүфтханза” компанийн нислэгийн сэтгүүлийн нүүр хуудсыг бүргэдчин Асылбекийн зураг гоёсон доо. Дотор нь арав гаруй хуудас бүргэдийн талаарх нийтлэл зургууд минь орсон. Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө бүргэдчин, зурагчин хамтдаа ажилласан гэсэн үг л дээ.

Мөн 2018 онд «Бүргэдчин» зураг маань Английн алдарт “Телеграф” сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарт нийтлэгдсэн.

- Бүргэдийн сэдвээр бие даасан бүтээл гаргахаар ажиллаж байна гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Сүүлийн хэдэн сар Бүргэдийн соёлын талаарх гэрэл зураг, танин мэдэхүйн ном гаргахаар ажиллаж байна. Арав гаруй жилийн хугацаанд авсан зургууд маань нэлээн их материал болжээ.

Сагсай сумын бүргэдчин Женисбекийн эрэмгий хүчирхэг байдал, Алтай сумын Далайхан бүргэдчний амьдралын мэдлэг туршлага, Алтанцөгц сумын бүргэдчин Шаймуратын эртний баатарлаг төрх, Сагсай сумын бүргэдчин Асылбекийн бүргэдийн өвийг өвгөд буурлуудаасаа өвлөж ах дүү нараараа түгээн дэлгэрүүлж байгаа мөн бүргэдчин охин нэрд гараад буй Айшолпан болоод залуу хойчдоо хэрхэн энэ соёлыг уламжлуулан үлдээж буй талаар гэх мэтчилэн энэ цаг үеийн бүргэдчдийг хамруулсан, тэдний өв соёлыг харуулсан 200 гаруй хуудас бүхий том хэмжээний гэрэл зургийн ном англи хэл дээр хэвлүүлэн гаргахаар ажиллаж байна.  

Казак хэл дээр хэвлэхэд хамтрагч хэрэгтэй байгаа. Мөн Монголын Казахуудын бүргэдийн соёлыг нийт казах хэлтнүүд, Казахстан улсад харуулах юм сан гэж хүсдэг.   


- Баян-Өлгий аймагт олон удаа ирж орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байгаа хүний хувьд асуухад, тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар боломжууд байна?

- Баян-Өлгий заавал үзэх ёстой аймаг. Нийслэлээс алслагдсан учир дэд бүтцийн жаахан асуудлууд байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд Баян-Өлгийг чиглэсэн жуулчид байнга өсч байна. Стандартад нийцсэн зочид буудлууд үйлчилгээний газрууд нэмэгдсээр байна. Жуулчны үйлчилгээнд хамгийн гол нь ажиллах хүч. Орон нутагт байдаг аялал жуулчлал эрхэлдэг итгэл даах олон нөхдүүддээ манай салбарынхан талархаж явдгийг хэлмээр байна. Баян-Өлгий аймгийн аялал жуулчал бол Алтайн уулсыг үзэж, казах иргэдийн соёлтой танилцахар жуулчид ирдэг.

Үүний дотроос бүргэдийн соёлыг үзэх гэсэн жуулчид маш их. Бүргэдийн баяр бол олон жуулчинд хүрсэн маш том арга хэмжээ. Аливаа юм сайн муу талуудтай. Олон жуулчныг нэг дор авчирч байгаа нь сайн талтай байгаа боловч даац гэж чухал юм бий. Нэг жуулчин ирлээ гэхэд тэр хүнд шаардлага хангасан буудал олдоогүйгээс стандартын шаардлага хангаагүй газар 4 хоноод буцахад тэр хүний бүргэдийн баяраас авсан сайхан мэдрэмж буурах жишээтэй.

- Тэгвэл юунд анхаарах ёстой вэ?

- Тэгэхээр энэ аялал жуулчлалын голлох бүтээгдэхүүнээ хэрхэн яаж зөв зарах вэ. Бүх үйлчилгээг яаж стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байлгах вэ гэдгийг анхаарах шаардлагатай байгаа. Бүтээгдэхүүн гэж бүргэдийн баярыг хэлж байна л даа. Яг бүргэдийн баяраар нислэгийн тийз, зочид буудал, машин түрээс гээд бүх үйлчилгээ үнээ нэмдэг. Тэгсэн мөртлөө үйлчилгээний чанар буурдаг. Үүнийг л зохицуулах хэрэгтэй байгаа. Яг манай “Аян трэйвел” компанийн хувьд жил бүр 9 дүгээр сарын 17-18-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд бүргэдийн баяр хийнэ гээд өнгөрсөн жил сумын Засаг даргын Тамгын газартай хамтраад хийсэн. Энэ жил хил нээвэл цөөн ч гэсэн жуулчидтай хийнэ гэсэн бодолтой байна. Яагаад Бугат суманд болдог бүргэдийн баяраас өөр баяр хийж байна вэ гэдэг нь дээр дурдсан хүндрэлүүдийг давуу тал болгон өөрчлөх ажил гэж харж байгаа. Ганцхан нэг дор олон жуулчин ирээд л буцдаг биш, улирлын турш жуулчинтай байх нь орон нутгийн иргэдийн амьжиргаанд төдийгүй Монголын аялал жуулчлалд хэрэгтэй байна.

Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.


Холбоотой мэдээ