Монгол орны цөлжилт, газрын доройтлын 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-06-17 14:33:53

Ургамлан бүрхэвчтэй газрын гадаргууны бүтэц өөрчлөгдөж, үржил шимгүй болохыг цөлжилт гэж тодорхойлжээ. Энэтхэг, Ойрхи Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг газруудад, үржил шим бүхий тариалан эрхлэхэд тохиромжтой, бүс нутгийн хөрс бороо үерийн устай цуг урсан алга болдог. Газрын гүний ус ууршин, эрдэс давс үлдсэнээс ургамал ургах боломжгүй болдог. Эдгээр хөрсний эвдрэл цөлжилтөд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ийм газарт тариалан эрхлэх боломжгүй. Улмаар уур амьсгал нь өөрчлөгддөг. Газрын гадаргууны өөрчлөлтөөс үүссэн ургамлын бүрхэвчгүй болсон газар нутаг цөлийн уур амьсгалтай болдог болохыг  ажиглалтаар тогтоосон аж. Гэхдээ цөлийн уур амьсгал нь “цөл” гэдгээсээ бага зэрэг ялгаатай ойлголт гэж мэргэжилтнүүд хэлэх юм билээ. Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гардаг байгалийн үзэгдэлүүдийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлах юм. Дэлхийн эх газрын 41 хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг. Эдгээр нь доройтолд өртөмтгийд тооцогдоно. Амьдрал бэлэглэх эх газрын дээрх хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнээс нүүр буруулах магадлалтай. Энэ бол сэтгэл эмзэглүүлэх тоо баримтууд. Түүн дээр хүний хүчин зүйлийн улмаас нүүрлэх хор аюулыг тооцвол байгаль тийм сайхнаар хандахгүй байх магадлал өндөр байдаг бололтой.


Байгальд таагүй хандаж байгаа хүний хүчин зүйлийг олон янзаар гарч ирдэг гэж хэлж болно. Монгол оронд нүүрэлж байгаа цөлжилтийг тоо баримтыг авч үзье. Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой. Харин 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт байна. Хүний хүчин зүйлийн нөлөөнд элс, хайрга олборлолт, уул уурхайн ашиглалт гээд маш том жагсаалт гарч ирэх нь тодорхой байна. Бүтээн байгуулалт хийхийн тулд байгалийн баялагийг ашиглах нь тодорхой. Гэвч ашиглалтын дараах нөхөн сэргээлт муу байгаа нь ийм хэмжээнд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Түүн дээр ой модны хууль бус ашиглалт, наймаа, дээр нь ойн түймэр орно. Ойн модны хэрэглээг 1990 оноос хойш авч үзэхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4 дахин ихийг байгаль эхээсээ аваад “идчихсэн” байна. 


Монгол улсад малын тоо, толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Малчдын ашиг орлогын хувьд сайн хэрэг. Гэтэл байгаль орчинд таагүй үзэгдэлийн нэг болж байх жишээтэй. Мал сүргийн тоо  66,5 сая (2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүн) байхад бэлчээрийн даац ямар болсон талаар авч үзсэн судалгаа байна. Бэлчээрийн даац хэтрэх нь хөрснөөс дээш цухуйсан ургамлыг нөхөн төлжих чадваргүй болгодог. Ингэснээр ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устна. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгийн мэдээлснээр 2017-2018 онд улсын нийт нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн байна. Олон жил бэлчээрийн даацыг ийнхүү хэтрүүлэн ашиглаж талхлуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлжээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

- 42% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

- 21% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

- 23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

- 5% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)

- 9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нийт нутаг дэвсгэрийн 64.7 хувьд нь цөлжилтийн үйл явц илэрч, харин газрын доройтол 12.2 хувьд нь явагдаж байна гэж БОАЖЯ-ны мэдээлэлд дурьджээ.

Монгол орны нутаг дэвсгэрийн  76 хувь (Зураг 1-ээс  харахад) нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүнд: өмнө болон дорно говь, их нуруудын хотгор, их нуруудын Бурундийн хөндий хамрагдах аж.  Орхон-Сэлэнгэ, Хэрлэн голын сав газар, дорнод Монголын хээрийн муж, төв халхын тэгш өндөрлөгийн хэмжээнд хөрсний доройтол нэмэгдсэн байна.

Цөлжилтөд хүргэх хүний үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа голлон хамаарна. Үүнд:

·         Эмзэг ба элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах

·         Уриншийн үеийг бууруулан хөрсний байгалийн тэжээлийн бодисыг хомсдуулах

·         Бэлчээрийг талхлах

·         Модлог ургамлыг гол төлөв түлшний зориулалтаар огтлох

·         Ан агнах, газар тариалангийн газрын хэмжээг тэлэх, зориудаар түймэр тавих

·         Хөрсний бүтцийг доройтуулах хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх

·         Голын гольдролыг өөрчлөх зэрэг усны нөөцийг зохисгүй ашиглах

·         Давсархаг хөрсөнд усалгаатай газар тариалан нэвтрүүлэх

·         Мод ургамал тайрах зэргийг хийх нь хүний байгальд учруулж байгаа хор аюул нь гэнэ.


Монгол орны нутаг дэвсгэрийн сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарсан, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь орчим буурчээ. Хангайн бүсэд дундажаар 10 жилд 1-2 удаа, говийн бүсэд 2 жилд 1 удаа, харин хээрийн бүсэд 3 жилд 1 удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэн өөрчлөгдөх болжээ. Эдгээр нь Монгол орны цөлжилтөд үзүүлж байгаа нөлөө нь аж.


Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсноос хойш Засгийн газраас 2010 онд баталсан 3 дахь хөтөлбөр болох “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-т цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж Засгийн газарт тайлагнахаар тусгажээ. Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 17-ыг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан байна. 

Холбоотой мэдээ