А.Серикболат: Сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-11 17:43:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболатаас тодрууллаа.


Орон нутагт УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна?

- 2020 ны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэж ажил хуваарийн дагуу явж байна. Манай аймагт 96 хэсэг ажиллахаар батлагдсан. Бүх хэсэг ажилд орсон байгаа. Зуслан дээр гэр барьж санал авах хэсгүүд хараахан ажиллаагүй, сумын төвүүдэд үйл ажиллагаа явуулж байна. Хэсгийн хороод иргэдийн мэдээлэл нэрсийн жагсаалтад байгаа эсэх, мөн сонгуультай холбоотой бусад асуудлаар мэдээлэл өгч байгаа. Аймгийн төвийн 13 хэсэг ажилдаа орсон. Энэ сарын 15-наас бүх хэсэгт бэлтгэл ажлыг хангасан эсэхэд аймгийн Сонгуулийн хороо хяналт тавина. Сум өөрсдийн харьяа хэсгийн хороодын бэлтгэл ажлыг хангуулж, манайд илтгэх хуудсаар мэдээлнэ.

Энэ удаагийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн хэмжээнд хэдэн сонгогч санал өгөх вэ?

- Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 60430 орчим хүн санал өгөхөөр нэрсийг жагсаалтад орсон. Зарим иргэдийн хувьд сонгуультай холбоотой ийш тийшээ шилжсэн асуудал байгаа. Тийм учраас тодорхой тоо хараахан гараагүй.

Иргэд нэрсийг жагсаалтад мэдээлэл нь зөв орсон эсэхийг энэ сарын хэдний өдөр хүртэл шалгах боломжтой вэ?

- Иргэд нэрсийн жагсаалтад мэдээлэл нь орсон эсэхийг энэ сарын 22-ны өдрийг хүртэл харьяа хэсгийн хорооноос эсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын вэб сайтаас регистрийн дугаараа оруулаад шалгах боломжтой.

Аймгийн Сонгуулийн хороонд сонгуулийн сурталчилгаа болон бусад асуудлаар гомдол, мэдээлэл ирсэн үү?

- Одоогоор хоёр гомдол ирсэн. Харьяаллын дагуу хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлж өгсөн байгаа. Шалгаж тогтоох үүрэг нь Цагдаагийн байгууллагад байдаг.  

Сонгууль зохион байгуулахтай холбоотой тулгамдаж буй бэрхшээл, хүндрэл байна уу?

-Тулгамдсан асуудал одоогийн байдлаар байхгүй. Хамгийн гол асуудал "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой санал авах өдөр сонгогчдод амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах, бээлий олгох, биеийн халууныг хэмжих асуудал байсан. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос манайд Засгийн газрын тавдугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэх чиглэл ирсэн байгаа. Чиглэлийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

Санал авах байранд ашиглах ариутгалын бодис, амны хаалт, бээлийн нөөц бүрдүүлсэн үү?

- Шаардагдах эд зүйлсийг Улсын Онцгой комиссоос бэлдэж өгч байгаа. Удахгүй манайд ирнэ. Аймагт ирсний дараа сонгогчдын тоогоор сумдад хуваарилж өгнө.

Ард иргэдэд зөвлөж хэлэх зүйл байна уу?

- Санал авах ажиллагаа 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт, орон нутгийн цагаар 06:00 цагт эхэлж, орой Улаанбаатарын цагаар 22:00 цагт, орон нутгийн цагаар 21:00 цагт өндөрлөнө. Ард иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ