Японы компаниуд сэрүүхэн амны хаалт бүтээнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-06-11 13:17:59

ТОКИО. /NHK/. Японы иргэд коронавирусний халдварын улмаас амны хаалт зүүж хэвшжээ. Харин зуны улиралд амны хаалт зүүх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйд олон нийт санаа зовних болсонтой холбоотойгоор компаниуд сэрүүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн байна.


Токио хотод лхагва гарагт агаарын температур энэ онд бүртгэгдсэн хамгийн өндөр хэмд хүрч, олон хүн эмнэлэгт хүргэгджээ. “Iris Ohyama” компанийн мэргэжилтнүүд зуны улиралд тохиромжтой амны хаалт бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд агаарыг илүү чөлөөтэй нэвтрүүлж, нүүрийг хэт халууцуулахаас сэргийлэх шүүлтүүртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ.


Мөн “Yonex” спортын бараа үйлдвэрлэгч компани халууныг даван туулах амны хаалт зохион бүтээхийг эрмэлзэж байна. Тус компанийн хувьд спорт хувцсанд ашигладаг материалаар амны хаалт хийх ажээ. “Aoki” компани агаар сайн нэвтрүүлж, хөлөргөхгүй байх олон төрлийн амны хаалтыг худалдаалахыг зорьж байгаа бөгөөд эрэгтэй хослол хийхэд ашигладаг технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 

Холбоотой мэдээ