Р.Дагва: Нийслэлийн дэргэд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тохиромжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-10 18:34:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дэргэд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад тохиромжтой, үр дүнд хүрэх боломжтой бодит зүйл. Чөлөөт бүс байгуулснаар ажлын байр нэмэгдэж нийслэлийн хөгжлийг нэг шатанд ахиулна гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо.

Тэрээр, “L.A.B 2”  ТББ-ын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар  оролцохдоо ийнхүү мэдэгдлээ.

Дээрх ТББ нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрт саналаа тусгадаг аж. Тус байгууллагын өмнөх уулзалтуудаар Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инновацийн талаар ярилцсан бол энэ удаа хотын эдийн засгийн талаар санал бодлоо солилцов.

Улаанбаатар хотод жил бүр халуун ус тасардаг нь хотын буруу төлөвлөгөө болон төсөвтэй холбоотой. Мөн хотын төвдөө бүхий л ажлын байр нь байршиж байгаа нь замын түгжрэлийн бас нэг шалтгаан. Дагуул хот буюу чөлөөт бүсийг байгуулах, Улаанбаатар хотыг санхүүгийн болон захиргааны эрх мэдэлтэй болгох шаардлагатайг хот төлөвлөлт, барилгын инженер, архитектур, эдийн засагч зэрэг мэргэжилтэй залуус хэлж байв. 

Манай улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдарч байна. Гэхдээ улсын төсвийн 10 хүрэхгүй хувийг хотын төсөв эзэлдэг. Ингээд тооцвол нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт улаанбаатарынханд хамгийн бага. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг уул уурхайн компаниуд, 10-20  хувийг ХАА-н салбар эзэлдэг. Гэтэл уул уурхайн компаниудад нийт ажлын байрны 4 хувь ногддог байна. Иймээс дагуул хот буюу чөлөөт бүс байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэйг эдийн засагч Б.Дөлгөөн онцлов.


Холбоотой мэдээ