Хөвсгөл аймагт 26 иргэн гэрийн ажиглалтад байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-09 09:58:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 иргэн гэрийн ажиглалтад байна гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Тус аймгийн Ханх болон Мөрөн сумын харьяат 14 иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирж Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлагдсан байна. Эдгээр иргэдийн 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан учраас өнгөрсөн баасан гарагт аймгийн Шуурхай штабаас ажлын хэсэг гарч аймагтаа татан авч гэрийн тусгаарлалтад 14 хоног ажиглах гэнэ.

Мөн хөл хорионы хугацаанд Хөвсгөл аймгийн харьяат гаднаас ирсэн нийт 680 иргэн Сэлэнгэ, Төв, Дархан, Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаад хяналтын хугацаа дууссан тул аймагтаа ирсэн байна. Зөөвөрлөгдөн ирж буй коронавирүсний халдвар нэмэгдсээр байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ