Бразил халдварын тоон үзүүлэлтүүдээ мэдээлэхээ зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-08 15:18:52

БРАЗИЛИА. /NHK/. Бразилын Засгийн газар коронавирусний халдварын тохиолдлын тоо, нас барсан хүний тоон үзүүлэлтээ мэдээлэхээ зогсоожээ. Үүнийг цар тахал ноцтой түвшинд хүрснийг халхлахыг завдаж буй үйлдэл гэж шүүмжлэгчид үзжээ.


Бразилд халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд ялангуяа хүн ам шигүү суурьшсан ядуусын хороололд тархсан байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 670 мянга давсан нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.


Бразилын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд халдварын тоон үзүүлэлтүүд өмнө нь өдөр тутам шинэчлэгддэг байжээ. Харин бямба гаргаас зөвхөн эдгэрсэн хүмүүсийн тоог харуулах болжээ. Эрүүл мэндийн яам уг өөрчлөлтийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


Харин Ерөнхийлөгч Жаир Болсонару, мужийн захирагчид илүү их төсөв авахын тулд халдварын үзүүлэлтүүдийг хэтрүүлэн мэдээлж байна гэж мэдэгджээ. "Засгийн газар бодит байдлыг нуун дарагдуулахыг оролдож байна" гэж Бразилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон зарим иргэн шүүмжилжээ.


Ж.Болсонару цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ улмаас дотоод, гадаадын хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа юм. Түүнчлэн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг нэг талыг баримталсан хэмээн баасан гарагт шүүмжлээд, улс орноо тус байгууллагаас гаргана гэж сүрдүүлсэн байна.  

Холбоотой мэдээ