Сумын залуусыг чадавхжуулах төслийг дэмжих санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-08 13:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажилгүйдэл ихтэй аймаг, орон нутгийн хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай залуу боловсон хүчин болгон бэлтгэх төсөл хэрэгжүүлж байна. 

Тодруулбал, Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд, Завхан аймгийн алслагдсан 25 суманд 2023 он хүртэл хэрэгжүүлэх дээрх төслийн үйл ажиллагааг дэмжих, харилцан ойлголцох санамж бичигт МҮХАҮТ болон “Хүүхдийг Ивээх сан”-гийн удирдлага гарын үсэг зурав. 


“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл нь сумдын 14-25 насны нийт 6000 гаруй хүүхдийг хамарч, чадвартай залуу боловсон хүчин болгон бэлтгэх юм. Төслийн хүрээнд:

  • Орон нутгийн оролцоотой шинэлэг хэлбэрийн хувь хүний ур чадвар болон энтрепренершип сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх,
  • Хөтөлбөрөөс сурсан мэдлэгээ бодитоор туршихад нь дэмжин, өсвөр үеийнхний боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэх,
  • Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх юм. 


МҮХАҮТ-ын хувьд Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажилласнаар зорилтот орон нутаг дахь хүүхэд залуучуудыг хувийн хэвшлийн компаниудтай холбон зуучлах юм. Мөн бизнесийн зөвлөн туслах хөтөлбөр хэрэгжүүлэх, бичил төслийн багуудыг чиглүүлж, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа, сургалт зэрэг үйл ажиллагаанд хамруулах юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд нээгдэж буй дээрх боломжийг харилцан дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ.


Холбоотой мэдээ