ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээр ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-06-03 18:03:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээр ахлуулсан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, мэргэжилтэн А.Ариунтуяа, Э.Эрдэнэчимэг, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийн баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Дээрх багийнхан Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын олон улсын боомт дахь халдвар хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө өгч ажилласан байна. Тодруулбал тус боомтын хилээр нэвтрэн өнгөрч буй иргэд болон том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байгаа эсэх, хувийн хамгаалах хэрэгслийн аюулгүй ажиллагааны заавар журмыг хэрхэн мөрдөж буйтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгчээ.  

Мөн хилийн нэвтрэх халуун цэг дээр ажиллаж буй Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 101 дүгээр ангийн ажилтан, албан хаагчдад коронавирусний халдварын нөхцөл байдал, хувийн хамгаалах хэрэгслийг зөв өмсөж, тайлах дараалал, орчны халдваргүйтгэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгсөн байна.

Ажлын багийнхан зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахын зэрэгцээ “Халдвараас хамтдаа хамгаалъя”, “Тайвшрах болоогүй”, “Амны хаалтаа тогтмол зүүнэ үү” хэмээх сануулгыг байнга өгч ажилласан байна. 



Холбоотой мэдээ