Трамп нийгмийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах тухай захирамжид гарын үсэг зуржээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-29 12:59:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг зохицуулах тухай гүйцэтгэх захирамжид пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Захирамжид гарын үсэг зурах үйл явцыг Америкийн телевизүүд шууд дамжуулсан байна. 


“Би өнөөдөр АНУ-ын иргэдийн үг хэлэх эрх чөлөө, эрх ашгийг хамгаалах тухай захирамжийг баталлаа. “Twitter” гэх мэт нийгмийн сүлжээнүүд төвийг сахисан платформ гэдгээр түрүү барин үүрэг хариуцлагаас урьд өмнө байгаагүйгээр хамгаалагдсан байжээ. Гэвч энэ нь тийм биш юм. Гүйцэтгэх захирамж нь харилцаа холбооны салбар дахь ёс зүйн тухай хуулийн 230 дугаар зүйл заалтад үндэслэн шинэ зохицуулалт хийх зорилготой. Цензур эсвэл улс төрийн үйл ажиллагаанд оролцдог нийгмийн сүлжээнүүд хариуцлагын хамгаалалтгүй болно, энэ бол том шийдвэр юм” гэж Трамп мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ийм захирамж гарахаас өмнө нийгмийн сүлжээнүүд “юу дуртайгаа хийдэг байжээ”. 


Хэрэв нийгмийн сүлжээнүүд “консервативчуудын дуу хоолойг дарсаар байвал” нийгмийн сүлжээнүүдийг хатуу зохицуулах арга хэмжээ авна гэж Трамп өмнө нь ил тодоор сүрдүүлсэн юм. Тэрбээр энэ мэдэгдлийг “Twitter” дэх нэгэн жиргээнд нь "худал мэдээлэл" байж болзошгүйг анхааруулсан тусгай тэмдэг тавигдсаны дараа хийжээ.  


Ардчилсан намынхан хэд хэдэн муж улсад 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг шуудангаар явуулж, залилан мэхлэх нөхцөл бүрдүүлэхийг оролдож байна гэж Трамп жиргэсэнд “Twitter” анхааруулгын тэмдэг тавьсан аж.


Холбоотой мэдээ