Хүүхдийн баярыг гэртээ тэмдэглэхийг уриалав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-05-27 17:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриалжээ.

Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн ч хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж тохиож байна гэж эергээр харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд төв талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг байсан бол энэ жил соёл урлаг, бусад үйл ажиллагаа гэсэн хоёр ажил төлөвлөсөн. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас долоон цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаарх ойлголтуудыг хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулна" гэв.

Гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг гэр гэртээ тэмдэглэх уриалгыг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ