Булган аймагт энэ онд 168 иргэнд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-26 12:11:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 168 иргэнд хуучин эзэмшил газрыг өмчлүүлэн, суурьшлын болон бусад бүсэд шинэ газар өмчлүүлэхгүй байхаар болжээ. Энэ талаар тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар зохион  байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн С.Юмжаваас тодрууллаа.

-Аймгийн ИТХ энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын талаар шийдвэр гаргаж, Засгийн газарт уламжилсан. Иргэд нэлээд хэмжээний газар өмчилж авахаар байсан.

-Газар өмчлөлийн хувьд 2020 онд иргэнд газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг сум бүр ИТХ-аар хэлэлцээд саналаа ирүүлдэг. Аймгийн ГХБХБГ нэгтгээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар газрын хэмжээ зориулалтыг батлуулан саналаа Засгийн газарт уламжилсан. Аймгийн дүнгээр хуучин эзэмшиж байгаа хашааны 25,92 га газрыг 168 иргэнд, шинээр 84,9 га газрыг 672 иргэнд өмчлүүлэхээр тусгасан. Нийтдээ 860 иргэнд 110,2 га газрыг өмчлүүлэхээр санал уламжилсан юм. Харин Засгийн газрын хуралдаанаар энэ онд шинээр газар өмчлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхлээр иргэнд хуучин эзэмшил газар болох 25,92 га газрыг өмчлүүлнэ гэсэн үг.

-Энэ жил шинэ газар өмчлүүлэхгүй гэж ойлгож болох уу? Иргэд газар өмчлөх талаар хүсэлт гаргасан байгаа байх.

-Тийм ээ. Монгол Улсын Засгийн газрын “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 170 дугаар тогтоол гарсан. Энэ шийдвэрээр энэ жилийн хувьд иргэнд өмчлүүлэх одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршил, зориулалтыг манай аймагт 25,92 га газар гэж тусгасан байна.

Иргэд амьдрах боломжтой дэд бүтэц байхгүй бүсэд газар олгосны улмаас хоосон нэгж талбар бий болоод байна гэж үзсэний үндсэн дээр энэ жилийн хувьд шинэ газар олгохгүй байхаар шийдсэн. Шинээр олгож байгаа газрын дэд бүтэц ямар байгаа юм гэдгийг нарийвчлан судалж хэсэгчилсэн төлөвлөгөө хийсний үндсэн дээр газар өмчлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Газрын харилцаа, геодез, зураг зүйн газраас чиглэл ирсний дараа иргэдэд тодорхой мэдээлэл хүргэнэ.

- Газар өмчлөл Булган аймагт ямар явцтай байна вэ?

-Нийт 15144 иргэнээс газар өмчлөх өргөдөл ирсэн. Тэднээс 15121 иргэн 2249 га газар өмчилж авсан. Аймгийн иргэнд харьцуулсан үзүүлэлтээр 24,7 хувьтай, харин өрхөд харьцуулсан үзүүлэлтээр 83,0 хувьтай Монгол Улсын иргэнд нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ