Туул, Сэлбэ, Дунд голын дагуу соёл амралтын хүрээлэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-25 17:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуух газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа. 

Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 18 байршилд амралт, зугаалгын бүс байгуулах аж. Энд хийх ажлуудаас дурдвал, энэ онд Туул, Сэлбэ, Дунд голын эргээр 52.8 км дугуйн зам тавихаар төлөвлөжээ. Мөн Туул голын эргийн дагуу спортын бүс, хүүхдийн бүс, амрах бүс, үйлчилгээний бүсийн тохижилтын ажил хийх юм.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар НИТХ-ын төлөөлөгч, Агаар, орчны бохирдол хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулан ажиллаж байна. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ