“COVID-19”-ийн эмнэлзүйн судалгааны туршлагыг цахимаар солилцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-25 13:42:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИСзохион байгууллаа.

 

Эрдмийн чуулганыг нээж, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ, “Энэ удаагийн чуулганыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын дэгдэлттэй холбоотой цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа ихээхэн онцлог юм. Мөн олон нийтийн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулснаар коронавирустэй холбогдолтой академик, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээж, цаашлаад урьдчилан сэргийлэх, эмчилгээний удирдамж боловсруулах зэрэг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд нийт эрүүл мэндийн салбарын бүх шатны боловсон хүчинд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэдгийг онцлов.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Чуулганд тавих илтгэл болон эрдэм судлалын ажлын үр дүн нь өрнө, дорнын анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, туршлага солилцох, улс хоорондын гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн хурлын гол сэдэв нь коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, үнэлэхэд олон улсын туршлагаас хуваалцахын зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө шинэ тутам тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад нэг алхам урагшилсан үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын удирдлагууд та бүхний ажлыг бүхий л талаар дэмжин, нийслэлийн иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байх болно” хэмээлээ.


Эрдмийн чуулганд академич П.Нямдаваа “Шинэ коронавируст халдвар цар тахал үүсгэгч эпидемиологи эмнэлзүй, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Дэлхийн улс орнуудад  Ковид-19”-ийн эсрэг хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг судалсан Монгол Улсын туршлага”, ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр “Монгол Улсад бүртгэгдсэн Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй, лабораторийн шинжилгээний зарим дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн чуулганд цахимаар ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица болон БНХАУ, ОХУ, Япон зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны өндөр туршлагатай орнуудын илтгэгчид Ковид-19-ийн эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөрсдийн судалгааны туршлага, статистик дүн, мэдээ, зөвлөмжийг хэлэлцүүлсэн юм.


Түүнчлэн өнөөдрийн чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал нь Монголын Уламжлалт анагаах ухааны 108 боть номыг нээв. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгтэй АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид хамтран бүтээжээ.

 


Холбоотой мэдээ