Улсын хэмжээнд явуулын цус цуглуулалт 40 хувиар багасжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-23 14:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсын хувьд ЦССҮТ-д сайн дураараа цусаа өгөх иргэдийн 40-50 хувийг оюутан залуус эзэлдэг. Хөл хорионы улмаас их, дээд сургуулийн хичээлийг зогсоосноор явуулаар цус цуглуулах ажил Монгол Улсын хэмжээнд 40 хувиар багасжээ.


Тус төв энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, цус цуглуулах гурван суурин төв, явуулын нэг багаар нийт 8561 нэгж цус, цусны бүрэлдэхүүн цуглуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурсан гэдгийг захирал Н.Эрдэнэбаяр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, "Дэлхийн улс орнуудын мэдээ, тайлангаас харахад эхний давалгаанд өртсөн улсуудын цус цуглуулалт 40 хувиар багассан үзүүлэлттэй байна. Олон улсын болон Азийн цус сэлбэлтийн нийгэмлэг нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааны удирдамжийг гишүүн орнуудад хүргүүлсэн. Коронавирус халдвартай өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн төдийлөн хэрэглэхгүй байгаа ч эрүүл мэндийн тусламжийг хэвийн үргэлжлүүлж байгаатай холбоотой цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй. Харин эхний дөрвөн сарын байдлаар 8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид иргэдийг цусаа хандивлахад идэвхтэй оролцохыг цахим орчинд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалсаар байна” гэв.


Тус төв энэ сараас эхлэн цус цуглуулах цагийг ажлын өдрүүдэд уртасгаж, харин бямба гарагт Сүхбаатар дүүргийн хуучин байрандаа цус авч байна. ЦССҮТ-д 136 мянган цусны донор бүртгэлтэй байдаг бөгөөд тэдэнд мессэж, цахим шуудан илгээх, урих, холбогдох заавар, зөвлөмжийг явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ