Сэлэнгийн музей нь Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтуудыг хадгалан үлдсэнээрээ онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-21 15:13:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг анх 1948 онд музейтэй болсон байна. Энэ музей нь 1960 онд Орон нутаг судлах кабинет, 1968 онд Орон нутаг судлах музей болон өргөжин тэлсэн бөгөөд энэ үед Улаанбаатар хотын Ардын хувьсгалын музейн салбар байжээ. Улмаар 2004 онд Сэлэнгэ аймгийн музейг Алтанбулагийн музейтэй нэгтгэж, аймгийн Нэгдсэн музей болгон өргөжүүлсэн байна. Одоо тус музей нь үндсэн 3500 гаруй үзмэртэй гэнэ.

Нэгдсэн музейн үзмэрүүд нь Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтыг хадгалан үлдсэнээрээ онцлогтой юм. Энд Ардын хувьсгалын ялалтын тухай түүхэн зургууд, мөн дөрвөлжин сүмийн үүднээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын болон Ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь хамгийн чухал гол байр суурийг эзэлдэг байна.

Мөн тус музей нь бусад музейн жишгээр байгалийн хэсэг, угсаатны хэсэг, Сэлэнгэ аймгийн бахархлын хэсэг гэсэн булангуудаар үзмэрүүдээ баяжуулсан байна. Үүгээр зогсохгүй байгаль экологийн, археологийн, үнэт металл үзмэрүүд ч бас энд хадгалагдаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилчдын олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байсан түүх соёлын дурсгалт зүйлүүдийг татан авч, байрлуулан үзмэрээ баяжуулсаар байгаа талаар тус музейн тайлбарлагч хэлж байв.

Энд 2200-гаад жилийн өмнө хүннү гүрний үеийн түүх соёлын дурсгалт 2м 10 см өндөртэй хүний араг яс, мөн тэр үеийн адууны ясны олдвор байдаг байна. Зөвхөн яс нь ийм өндөр байгаа юм чинь тухайн хүн хэр зэрэг өндөр байсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг аж. Мөн 13-р зууны үеийн баатрын хөө хуяг байдаг байна. Энэ нь Монгол Улсад ганцхан байдаг олдвор бөгөөд битүү гогцоогоор сүлжиж төмрөөр хийсэн байдгаараа онцлогтой ажээ. Түүнчлэн Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурхны хөрөг ч бий. Мөн Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Засаг ноён, Чингис хааны 35 дахь үеийн ач, Эрдэнэ чин ван Намсрай, Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа нарын түүхэн хэрэглэлүүд хадгалагддаг аж. Түүнчлэн ардын хувьсгалын дараагаар үүсэн байгуулагдсан Монголын хамгийн анхны засаг захиргааны нэгж Алтанбулаг хязгаарыг тохинуулах яамны анхны сайд Намсрайн Билэгсайханы эдэлж хэрэглэж явсан зүйлсүүд ч энд хадгалагдан байдгаараа онцлогтой музей юм. 

 

Холбоотой мэдээ