Дэлхийн эрүүл мэндийн ассамблей цар тахалтай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-18 14:06:02

ЖЕНЕВ. /TASS/. ДЭМБ-ын даваа гарагт болох 73 дахь удаагийн чуулганы нээлтийн үеэр хүн төрөлхтний коронавирустэй хийж буй тэмцлийн анхны үр дүнгүүд хийгээд энэ чиглэлээр цаашид авах алхмуудыг хэлэлцэх аж. Анх удаа цахим хэлбэрээр явагдах уг хуралд ДЭМБ-ын гишүүн 194 улсын сайдууд, хэд хэдэн олон улсын байгууллагын төлөөлөгчид уригджээ.


ДЭМБ-ын албан ёсны төлөөлөгч Фадела Шаибын мэдэгдсэнээр, чуулга уулзалт үд дунд эхэлж, шөнө дунд хүртэл үргэлжлэх аж. Хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг мөн үд дунд эхэлнэ.


Чуулганы үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний цар тахалтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулсан илтгэлээ танилцуулсны дараа ДЭМБ-ын гишүүн орны төлөөлөгчид үг хэлэх аж.


Чуулганы үеэр улс орнуудын коронавирусний вакцин, эмчилгээний арга хэрэгслийн тэгш хүртээмжийн талаарх асуудлыг хөндөх аж. Чуулга уулзалтын өмнө ӨАБНУ, Пакистан зэрэг хэд хэдэн улсын удирдагч болон өмнө нь удирдагч байсан хүмүүс, мэргэжилтнүүд хамтран гаргасан нээлттэй захидалдаа чанарын шаардлага хангасан вакцин болон эмчилгээг нийтээр түргэн шуурхай хүртэх боломжийг олгосон олон улсыг хэлэлцээр боловсруулахыг ассамблейд уриалжээ.


COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх аюулгүй, үр дүнтэй технологийг боловсруулах, үйлдвэрлэх, ашиглах үйл явцыг хурдасгахын тулд хамтран ажиллахыг ДЭМБ 4 дүгээр сарын 24-нд олон улсад уриалжээ. Эдгээр технологи нь дэлхий дахинд хэрэгтэй хэн бүхэнд хүртээмжтэй байх ёстой гэдгийг тухайн үедээ онцолсон байна.


ДЭМБ-д АНУ шахалт үзүүлж буй энэ үед чуулган эхэлж байна. ДЭМБ-д олгодог санхүүжилтээ түр зогсоож байгаагаа АНУ-ын эрх баригчид 4 дүгээр сарын 14-нд мэдэгджээ. Энэ санхүүжилтийг сэргээх тухай эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа хэдий ч хэрэв ийм шийдвэр гаргавал АНУ өмнө нь төлж байсан мөнгөнийхөө 10 хувийг төлнө гэж Д.Трамп 5 дугаар сарын 16-нд мэдэгдсэн байна. Энэ нь жилд 400-500 сая ам.долларт хүрэх аж. Япон улс Европын холбоотой хамтран ДЭМБ-ын үйл ажиллагааг мөрдөн шалгах төлөвтэй байгаа тухай Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 5 дугаар сарын 15-нд мэдэгджээ. Харин БНХАУ, ОХУ цар тахалтай холбоотойгоор ДЭМБ-д шахалт үзүүлж буйг зэмлэн буруушаасан байна. 

 

Тайванийн тухайд


Чуулганы өмнө Тайванийг чуулганд урих эсэх асуудлыг тойрсон зөрчилдөөн үүсжээ. АНУ Тайванийг ажиглагчийн хувиар урихыг ДЭМБ-д уриалсан байна. Өнгөрсөн онд энэ саналыг ассамблейд оролцогчдын дийлэнх нь эсэргүүцсэн юм. Тайвань нь ДЭМБ-ын гишүүн биш юм. Нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг Тайванийг Хятадын эрх баригчид олон улсын байгууллагад нэвтрэхэд нь саад болдог байна. Гэсэн хэдий ч 2009-2016 онуудад Тайванийн эрх баригчдыг эрүүл мэндийн ассамблейн үйл ажиллагаанд ажиглагчийн хувиар оролцохыг зөвшөөрчээ. АНУ-ын Конгрессын хоёр танхимын гадаад хэрэг эрхэлсэн хороодын төлөөлөгчид чуулганд Тайванийг ажиглагчийн хувиар урих Вашингтоны саналыг дэмжихийг хүссэн захидлыг 50 гаруй орон руу илгээсэн байна. ДЭМБ мэдэгдэхдээ, Тайванийг оролцуулах эсэх асуудлаар гишүүн орнууд санал зөрөлдөөнтэй байгаа учир Тайванийг урих бүрэн эрх бидэнд байхгүй гэжээ. Харин БНХАУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ, Тайванийг урих тухай санал гаргасан нь ассамблейн хэлэлцэх асуудалд хөндлөнгөөс оролцож, коронавирусний цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг нураах зорилгыг агуулж байна гэжээ.


Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь ДЭМБ-ын дээд байгууллага юм. Жил бүрийн 5 дугаар сард болдог уг ассамблейн чуулганд 194 гишүүн орны төлөөлөгчид оролцдог байна. 

Холбоотой мэдээ