80 настай Жаавай гуай уламжлалт монгол ширдгээ ширсээр сууна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-18 14:35:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн ахмад Ү.Жаавай гуай эдүгээ нас сүүдэр аль хэдийнэ 80 гарчээ. Тэрээр хашаандаа нэлээн хэдэн жилийн өмнө өөрийн гараар зөвхөн үрээр нь мод тарьсан байна. Тэрээр эл модоо усалж арчлахын зэрэгцээ оёдол үйл хийж сууна. 

Жаавай гуайн урлаж буй бүтээл бол энэ цагт тун ховордоод байгаа ардын уламжлалт ширмэл ширдэг ширэх үйл юм. Ахмад уран оёдолчин маань хорио цээрийн дэглэмийг үр дүнтэй сахиж, гурван ч ширхэг ширдэг ширжээ. Тэрбээр бага залуу насандаа мал маллаж өссөн ч хожим нь Алтанбулаг САА-д нярав, худалдагчийн ажил эрхэлж байсан гэнэ. Ингэж улсад хөдөлмөр эрхлэхийн хажуугаар оёдол үйл эрхэлж ширдэг ширж сурчээ. Түүний багийн найз өдгөө 90 насны сүүдэр зооглож буй Ч.Цэвэл гуай манай Жаавай ажилсаг, хөдөлмөрч бүсгүй шүү” хэмээн магтаж байв. Эдгээр ажилч, хөдөлмөрч ахмадуудыг нэгэн цул болгон зангидаж, эвсэг нийтэч хамт олон бүрдүүлэх ажлыг Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ удирдан зохион байгуулдаг юм. Шилдгийн шилдэг ажил үйлстэй тус ахмадын хорооны гишүүдийн нэгэн төлөөлөл бол дээрх хоёр буурай ажээ. Хаврын ажил ид өрнөсөн Сэлэнгэ нутагт ахмадууд ч мөн тун завгүй ажиллаж байна. 

Холбоотой мэдээ