“Twitter”-ийн ажилтнууд гэрээсээ “байнга” ажиллах боломжтой болно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-13 14:22:37

ВАШИНГТОН. /USA Today/. Twitter компани гэрээсээ ажиллах хүсэлтэй ажилтнуудаа ийм хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрнө гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси мягмар гарагт ажилтнууддаа мэдээлжээ. Ийм шийдвэрийг технологийн томоохон компаниудаас “Twitter” анх гаргаж буй нь энэ юм.


Өмнө нь “Facebook” компанийн тэргүүн Марк Зукерберг, “Google” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай нар боломжтой тохиолдолд 2021 он хүртэл гэрээсээ ажиллахыг ажилтнууддаа уриалсан юм. “Twitter” ямар ажилтнууд гэрээсээ ажиллах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байгаа боловч сүүлийн саруудад гарсан үр дүнд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна.


“Манай компани “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн анхны компаниудын нэг болсон. Ажилтнууд цахимаар ажиллах боломжтой гэдгийг өнгөрсөн саруудад гарсан үр дүн харууллаа. Тиймээс гэрээсээ ажиллах боломж, бололцоотой ажилтнуудад цаашид байнга ийм байдлаар ажиллах боломжийг нээж байна. Харин ажилдаа ирэх хүсэлтэй ажилтнуудын хувьд нөхцөл байдал сайжирсан үеэс оффистоо эргэн ирэх боломжтой” гэж “Twitter” компаниас “USA Today” сонинд мэдээлжээ.


Twitter” бусад технологийн компаниудын нэгэн адил гуравдугаар сарын эхэн үеэс ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрч эхэлсэн юм. Тус компани ихэнх оффисоо ирэх есдүгээр сар хүртэл хаалттай байлгах төлөвтэй байгаа бөгөөд 2021 он хүртэлх бүх дотоод арга хэмжээгээ цуцалсан байна. 

Холбоотой мэдээ