Урлаг соёлын үйл ажиллагааг ахмадуудад морин тэргээр очиж хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-11 10:43:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ардын Жүжигчин  Д.Нанжидын нэрэмжит Хөвсгөл аймгийн  Цагаан-Үүр сумын Соёлын төвийн хамт олон  өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад “Соёлын довтолгоо ахмад настны амар мэнд” соёл урлагийн  арга хэмжээг ердийн хөсөг морин тэргээр зорьж очин явуулын үйлчилгээ үзүүлж байна.

Хөл хорионы үед олон иргэнийг бөөнөөр цуглуулж болохгүй тул айл өрх бүрийн ахмадуудад очиж урлагийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Морин тэргээр явж байгаа үед иргэд ихэд сонирхож байгаа учраас коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг танилцуулж байгаа аж. “Хэдийгээр урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ хоригдсон боловч манай хамт олон ахмадууддаа соёл урлагаар гэрт нь очиж үйлчилж байна. Мөн ахмадуудынхаа зургийг авч, хийж бүтээсэн алдар гавьяаг нь залуу хойч үед сурталчилж түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.


Цаг үеийн байдалтай холбогдуулан бид амны хаалтаа зүүж, гараа ариутган халуунаа тогтмол үзэж байгаа. Ахмадууд үнэхээрийн талархан хүлээн авч байна.” гэдгийг Соёлын төвийн эрхлэгч Л.Алтанхуяг хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ