Хөл хорио Зүүн Өмнөд Азийн экологийн байдлыг сайжруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-05-08 15:05:01

СИНГАПУР. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хорио цээр болон хязгаарлалтын бусад арга хэмжээ Зүүн Өмнөд Азийн томоохон хотуудын экологийн байдлыг ихээхэн сайжруулсан тухай “Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв” хэмээх төрийн бус байгууллагын тайлан судалгаанд дурджээ.


Тус байгууллагын судалгаанаас үзвэл, гуравдугаар сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үе хүртэл Жакарта, Куала-Лумпур, Манила, Сингапур хотуудын агаар дахь азотын давхар ислийн (NO2) агууламж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад эрс багасжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь аж үйлдвэрлэлийн хурдац саарч, тээврийн хөдөлгөөн багассантай холбоотой байна. Тухайлбал, Малайзын нийслэлд азотын давхар исэл  60 орчим хувиар, Филиппинд 45 хувь, Индонез улсад 40 хувь, Сингапурт 30 хувиар буурчээ. Хорт хийн ялгарал хамгийн бага хэмжээгээр буюу 20 хувиар буурсан үзүүлэлт Тайландын нийслэлд бүртгэгдсэн байна.


Харин коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ аваагүй Камбож, Лаосын байдал өөрчлөгдөөгүйг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.


Зүүн Өмнөд Азийн орнуудад хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас жил бүр 800 мянга орчим хүн нас бардаг болохыг тайланд мөн тэмдэглэсэн байна

Холбоотой мэдээ