Өнгөрсөн онд гамшгийн улмаас 8000 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-09-24 13:47:16

ЖЕНЕВ. /TASS/. Байгалийн гамшиг болон техногенийн сүйрлийн улмаас өнгөрсөн онд 8186 хүн амиа алдсан байна. Энэ тухай Улаан Загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгийн Женев хотод нийтлэгдсэн тайлан мэдээнд дурджээ.

2014 онд байгалийн гамшигт бараг 107 сая хүн өртсөн бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс илүү өндөр үзүүлэлт ажээ.  “Уур амьсгалын өөрчлөлт нь илүү олон давтамжтай, илүү аюултай үзэгдэл гарахад нөлөөлж буйд эргэлзэх зүйл алга” гэж судлаачид тайландаа дурдсан байна.

Гамшгийн бараг тал нь буюу 49 хувь нь Азид болсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн 63 хувь нь тус тивд бүртгэгджээ. Ялангуяа Энэтхэг, Пакистан болон Балканы хойгт илүү хүчтэй үер болсон байна. Байгалийн гамшигт өртсөн орнуудаас Хятад илүү ихээр өртжээ. Тус улсад ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт 58 сая хүн өртжээ. Наймдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас 731 хүн амиа алдсан байна.

Эдийн засгийн алдагдал ч мөн маш өндөр байна. 2014 онд дэлхий даяар 99.2 тэрбум долларын хохирол учирчээ. Гэхдээ энэ хохирол нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь дундаж үзүүлэлтээс нэлээд доогуур үзүүлэлт болохыг тайланд дурдсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд