Б.Жонсон Даунинг-стрит дэх өргөөндөө эргэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 10:26:58

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Даунинг-стрит дэх өргөөндөө эргэн ирсэн тухай Sky News телевиз мэдээлэв.


Өдгөө 55 настай Б.Жонсон коронавирусний халдвар авсны улмаас Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ. Тэрбээр энэ сарын 12-нд эмнэлгээс гарч, хотын захад байрлах Чекерс өргөөндөө сүүлийн хоёр долоо хоногийг өнгөрүүлэхдээ эмчилгээгээ үргэлжлүүлэн эмч нарын зөвлөгөөг дагаж засгийн газрын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй юм.


Гэсэн хэдий ч  энэ хугацаандаа тэрбээр Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гадаад хэргийн сайд Доминик Раабтай өдөр бүр холбогдож байжээ. Б.Жонсон даваа гаргаас үүрэгт ажилдаа эргэн орно гэж “Reuters” агентлаг бямба гарагт мэдээлсэн юм.


Ойрын өдрүүдэд Б.Жонсон коронавирусний цар тахалтай тэмцэхэд чиглэсэн сүүлийн үед авч хэрэгжүүлэх алхмуудтай танилцахын тулд засгийн газрын гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Тэрбээр Их Британид 3 дугаар сарын 23-нд тогтоосон хөл хориог сулруулах стратегийг батлах хүндхэн шийдвэрийг гаргах хэрэгтэй болоод байгаа юм. Харин засгийн газрын зөвлөхүүд хөл хориог сулруулахыг хэтэрхий эрт байна гэж үзэж байгаа бөгөөд хязгаарлалтыг хэт сулруулах нь цар тахлын хоёр дахь давалгааг эхлүүлж, олон нийтийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт улам их хохирол учруулж болзошгүйг анхааруулжээ.    

Холбоотой мэдээ