Гэр бүлийн хүмүүс уулзаагүй нь хяналтын камераар нотлогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-24 12:45:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан гэр бүлийн хоёр гишүүн буюу батлагдсан 34,35 дахь тохиолдлын ойрын хавьтал болох 26 хүнээс COVID-19 халдвар илрээгүй талаар ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. Харин тэдгээр иргэдийг Дархан-Уул аймагт хүүхэдтэйгээ уулзсан, хүүхэд нь цагдаагийн албанд ажилладаг, вирус тархаасан байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдах болсон. Дээрх мэдээлэлд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Насанбат мэдээлэл өгөхдөө: Холбогдох мэдээллийн дагуу Цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар гэр бүлийн хүмүүс уулзаагүй нь хяналтын камераар нотлогдсон. Утсаар холбогдож хоол хүнс өгсөн. Аймгийн төвд зогсоогүй, Дархан хотоос гарах зам буюу Эрэл цементийн үйлдвэрийн эргэлттэй уулзварт хурд саарсан үед зогсож ээж нь бууж заагдсан газарт байсан хоол авсан гэж мэдэгдлээ.

Аймгийн төвд болон замдаа иргэдтэй уулзсан тохиолдол байхгүй бөгөөд тэдгээр иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан аж. Шинжилгээг нягтлахаар ХӨСҮТ рүү илгээсэн байна. Мөн аливаа мэдээлэл бүрэн нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад иргэдэд буруу мэдээлэл өгөхгүй байхыг анхаарууллаа.

Ачаа, тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн эмч ажиллаж байна. Энэ нь ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах лаборатори бэлтгэгдсэн бөгөөд хилийн бүсэд түргэвчилсэн шинжилгээ хийж, илэрсэн тохиолдолд цааш явуулахгүй байхаар болжээ. 

Холбоотой мэдээ