Зам тээврийн ноцтой осол гаргаад зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-23 16:05:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан этгээдийг шуурхай илрүүлсэн байна.

Тодруулж хэлэхэд, Өлгий-Толбо чиглэлийн улсын чанартай авто замын 68 дахь километрт буюу “Цагаан дов” хэмээх газарт энэ сарын 22-ны өдрийн 18:30 цагийн үед марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлджээ.

Ослын улмаас мотоциклын жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авчээ. Түүнийг мөргөсөн автомашины жолооч сумын эмнэлэгт хүргэж өгөөд, “мотоциклтойгоо явж байгаад онхолдсон байхаар нь аваад ирлээ” хэмээн хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй хэргийн газраас зугтсан байна. Мотоциклын жолооч Т нь эмнэлэгт очоод 30 орчим минутын дараа нас баржээ.

Харин зугтсан жолооч 70 километр зайтай байдаг гэртээ очиж, ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдалж, хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг шуурхай илрүүлсэн байна.

Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Холбоотой мэдээ